УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийг дэмжихгүй гэв

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж, улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлд нийцүүлэн намынхаа дүрэм, дотоод зохион байгуулалтыг 3 сарын хугацаанд шинэчилж дуусгаснаа мэдэгдлээ. Энэхүү үйл явцад орон даяарх 200 мянга гаруй гишүүн хамрагдаж, сум, хорооноос эхлээд төв байгууллагын түвшинд хүртэл өргөн хүрээтэй өөрчлөлт хийгдсэн байна.
Мөн 3–4 үе шаттай дотоод сонгууль зохион байгуулж, их хурлаа хийснээр шинэ төлөөллийн төв байгуулж, намын тогтолцоог бүрэн шинэчилсэн гэж онцоллоо. Хэдийгээр богино хугацаанд шахуу хэрэгжүүлсэн тул зарим гишүүдийн хувьд сэтгэл дундуур байдал үүссэн ч намыг илүү нээлттэй, орчин үеийн болгох дижитал шийдлүүдийг давхар нэвтрүүлсэн гэв.
Харин УИХ-ын гишүүдийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн асуудлаар АН-ын бүлгийн 25 гишүүн оролцсон хуралдаанаар уг хуулийг дэмжихгүй гэсэн нэгдсэн байр суурьт хүрчээ. Тэд уг хуулийн үзэл баримтлал нь парламентын бие даасан байдалд сөргөөр нөлөөлөх, УИХ-ыг дархлаагүй болгох эрсдэлтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн УИХ-ын гишүүд иргэдийн адил хуулийн хариуцлага хүлээх ёстой гэдгийг дэмжиж байгаа ч гишүүнийг эгүүлэн татах асуудлыг шүүх болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт тулгуурлан УИХ-д оруулж ирэх зохицуулалт нь тогтолцооны хувьд эрсдэл дагуулж болзошгүй гэж дүгнэжээ.