Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги
Монгол Улсын хэмжээнд ганцхан байдаг 407 дугаар нээлттэй, хаалттай эмэгтэйчүүдийн хорих ангиас энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ. Тус хорих анги Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд, хотын зах хэсэгт байрладаг. Гаднаасаа өрхийн эмнэлэг, хорооны байр мэт харагдах нь “телевизээр л үзсэн, айдас төрөм хорих анги төмөр сараалжин хашаа, хар бараан дүр зураг” гэсэн олон хүний төсөөллийг эвдэхүйц.
Хаалгаар нь ормогц тухайн өдрийн жижүүр, цэргийн хувцасаа бүрэн өмссөн, нүдний шилтэй эрэгтэй угтан авч, ирсэн зорилго, хэнтэй уулзахыг тодруулан холбогдох ажилтны утсыг өгөөд хүлээлгийн сандал дээр суухыг хүслээ. Энэ удаа тус хорих ангийн дарга, хурандаа Батбаяртай уулзаж, нярай хүүхэдтэйгээ хоригдож буй эхчүүдийн талаар мэдээлэл авахаар зорьсон юм.

Үүдний хүлээлгийн танхимд суух зуур ял эдэлж буй хоёр эмэгтэйн ар гэрийнхэн эргэлтэд орохоор ирж, “Ө” гэх хоригдлын ар гэр гэдгээ хэлэн анкет бөглөөд яаравчлан гарч явлаа.
“Яаанаа, хараад уйлж, санааг нь зовоохгүй юм шүү” хэмээн хоорондоо ярилцах нь тод сонсогдон гарч одно.
Удалгүй хижээл насны нэгэн эрэгтэй орж ирээд анх удаа ирж байгаа бололтой, “Хүн эргэх гэсэн юм” гэхэд жижүүр баруун гар талын цонх руу зааж бүртгүүлэхийг зөвлөв. Бүртгэлээ хийсний дараа бүртгэлийн ажилтан:
-Уучлаарай ахаа, таны эргэх гэж буй хүн дээр энэ долоо хоногт аль хэдийн эргэлт ирсэн байна. Манайх долоо хоногт нэг л удаа эргэлт оруулдаг юм, гэв.
-Би нөхөр нь байна. Наадхан дээр чинь бас хүн ирдэг юм уу? Ганцхан юм хэлээд буцах гэсэн юм, гэхэд
-Уучлаарай, боломжгүй. Та дараа ирэхдээ ах дүүстэйгээ ярилцаад, давхардалгүй ирээрэй гэхэд
-Тэгэх шаардлагагүй, чи дамжуулаад хэлчихэж болохгүй юу хэмээн бухимдсаар гарч явлаа.
Ажилчдын ярьснаар энд хоригдож буй эмэгтэйчүүдийн дийлэнх нь ял эдэлж байх хугацаандаа гэр бүлээсээ салдаг аж. Зарим тохиолдолд хоригдоод дөрвөн жил болсон ч ганц удаа ирээд “салъя” гэж хэлээд явдаг эрчүүд ч бий. Ийм нөхцөл байдал нь хоригдож үлдсэн эмэгтэйчүүдийн сэтгэл зүйд хүндээр нөлөөлдөг гэнэ.
Энд хоригдож байх хугацаандаа эдгээр эмэгтэйчүүд бүгд ажил хөдөлмөр эрхэлдэг. Зарим нь бүр мсүт-д суралцаж мэргэжилтэй болоод гардаг талаар ажилчид ярилаа. Ял эдэлж буй эмэгтэйчүүдийг сургадаг гол шалтгаан нь энэ хорих ангиас гараад амьдрал үргэлжилнэ. Нэг газар очоод ажилд ороход нь үзүүлэх юмтай бас мэргэшсэн нэг мэргэжилтэй байна гэдэг нь эргээд тухайн хүний амьдралын баталгаа болдог байна.
Хүлээх зуур мөн нэг анхаарал татсан зүйл нь хоригдлууд дээр хяналт тавихаар орж буй ажилтан бүр үүдний жижүүрт гар утсаа хураалгаж, жижүүр нь цааш төмөр шүүгээнд хадгалдаг журамтай байлаа.

Ийнхүү 20 гаруй минут хүлээсний эцэст жижүүр “Таныг гуравдугаар давхарт, даргын өрөөнд дуудаж байна гэхэд би хурандаа Батбаяртай уулзахаар дээш гарлаа.
Өрөөнд нь ормогц хоёр нарийн бичиг угтан авч, “Сэтгүүлч ирлээ” гэхэд
– Өө, за оруулаарай гэж дарга хэлэв.
Хурандаа Батбаяр инээмсэглэн угтаж, яриагаа эхлүүллээ.
Түүний хэлснээр тус хорих ангид нярайтайгаа хамт хоригдож буй эхчүүд цөөнгүй байдаг аж. Энэ зохицуулалтыг 20 гаруй жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд “ээж нь буруутай байж болох ч хүүхэд буруугүй” гэсэн зарчмыг баримталж, монгол улсын ирээдүйн иргэнийг эрүүл өсгөхийн тулд хамгийн чухал зүйл болох хөхөөр хооллох боломжийг хангах зорилготой гэнэ. Тэрбээр “Нялх хүүхэд өвдөх шиг хэцүү зүйл байдаггүй. Тиймээс бид эхчүүдийн хоол хүнсэнд онцгой анхаардаг. Гэхдээ төсвөөс хэтрэх боломжгүй учраас яг тааруулж, чанартай хүнсээр хангахыг хичээдэг. Мөн улсаас эхэд зориулсан төсөв байдаг ч нярайд зориулсан тусгай төсөв байдаггүй юм. Зарим эхийн ар гэр хангалтаа сайн явуулдаг бол зарим нь эх, хүүхдийг бүрэн орхисон, огт эргэлт ирдэггүй тохиолдол ч бий. Ийм үед хүүхдийн наад захын хэрэгцээг төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн хандиваар шийддэг. Гэхдээ энгийн хүмүүсийн нүдээр энд нярайтайгаа хоригдож байгаа ээжүүдийг их эвгүй дүр зургаар хүлээж авдаг. Гэтэл энэ нь яг л энгийн ээж юу хийдэг вэ? тэрийг л хийдэг шүү дээ. Хоригдож байх хугацаандаа өөрсдөө хүүхэдтэй болоод эндээ төрдөг хүмүүс ч байдаг. Манай хорих ангиас сард нэг удаа ар гэрийнхэнтэйгээ 72 цаг хамт байх боломж олгодог. Тэр хугацаанд нөхөр, ар гэр нь бидний тохижуулсан өрөөнд ирж хамт гурван хоног байгаад буцдаг. Энэ хугацаанд жирэмсэн болох тохиолдол ч бий. Гэхдээ энэ бол тухайн хүний эрх. Хэдий гэм буруутай ч үр хүүхэдтэй болох эрх нь хуулиар нээлттэй” гэж хурандаа тайлбарлав.

Тэрбээр мөн сонирхолтой нэгэн тохиолдлыг дурдлаа. Нөхөртэйгөө олон жил амьдарсан ч хүүхэдтэй болж чадалгүй байсаар хэрэг үйлдэн 10 жилийн хорих ял эдэлж буй эмэгтэй “эндээс суллагдтал нас хэтэрчихнэ, тиймээс үр шилжүүлэн суулгах эмчилгээнд харгалзагчтайгаар гаргаж өгөөч” гэсэн өргөдөл гаргасан аж. Хэдий хоригдол ч хүний эрхийн үүднээс уг асуудлыг нааштай шийдэхийг оролдсон ч анхны оролдлого амжилтгүй болж, дахин эмчилгээ хийлгэхээр хүлээж байгаа гэв.
Хүмүүсийн төсөөллөөр хорих анги гэдэг хамгийн аймшигтай, муухай газар мэт санагддаг. Харин энэ газар бол үнэн, худлын дэнсийг жинлэж, худлыг шийтгэдэг, амьдралын өөр нэг бодит орон зай юм.
Ээж нь буруутай ч хүүхэд буруугүй. Гэвч бодит байдал дээр эдгээр хүүхдийн эрх ашгийг хорих ангийн ажилтнууд, төрийн бус байгууллагууд хамгаалахаар хичээн ажиллаж тэдний наад захын хэрэглээг бий болгохоор зүтгэж байгаа нь төрийн бодлого хэтэрхий сул нэг талыг барьсан мэт.
Халамжийн бодлогоор бүхнийг шийдэхээс илүүтэй ял эдлэх хугацаанаас нь хамаараад хүүхдийн хэрэглээг 2 нас хүртэл нь төрөөс дааж үүнийхээ дараа ээжээр буцаан төлүүлдэг тогтолцоог нэвтрүүлэх нь амьдралд илүү ойр мэт санагдана.
Нярайтайгаа хоригдож буй эхчүүдийн асуудал нь хорих ангийн дотоод дэглэмийн хүрээнд шийдэгдэх сэдэв биш юм. Энэ бол төр хүний эрхийг яаж ойлгож, яаж хэрэгжүүлж байгааг харуулж буй бодлогын бодит шалгуур. Хүүхдийн эрхийг хандив, сайн санаа, хувь хүний хичээл зүтгэлээр нөхөж байна гэдэг нь тогтолцоо ажиллахгүй байгаагийн илрэл билээ.
Ч.Юмчирдулам
Сэтгэгдэл (1)