Хэрэглээнд орж чадаагүй RFID систем ба Бодь компанийн зарцуулсан хэдэн тэрбум


Улаанбаатарын хэд хэдэн уулзвар дээр босоод үлдсэн төмөр шонгуудыг харсан хүн олон. Заримд нь замын тэмдэг байрлуулсан, зарим нь зүгээр л босгосон шон. Хотынхон аль хэдийн дассан дүр зураг. Гэхдээ эдгээр шонгууд энгийн төмөр биш. Тэд нэгэн цагт “ухаалаг хот” төсөл, түгжрэл бууруулах систем гэж танилцуулагдаж байсан RFID төслийн үлдэгдэл юм.
Энэхүү төсөл нь нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах стратегийн хүрээнд эхэлсэн. Нийслэлийн холбогдох байгууллагууд, төслийн нэгж, гүйцэтгэгч “Бодь Электроникс” компанийн хамтран хэрэгжүүлсэн энэ ажилд автомашины хөдөлгөөний мэдээлэл цуглуулах, татвар, торгууль, даатгалын мэдээллийг нэгтгэх, цаашлаад хотын түгжрэлийг бууруулах технологийн шийдэл бий болгох зорилго тавьсан.
Төслийн хүрээнд нэг сая орчим автомашинд салхины шилэнд RFID буюу QR код бүхий цахим гэрчилгээ наахаар төлөвлөж, жолооч нарын ихэнх нь уг наалтыг хийлгэсэн. Гэвч өнөөдөр энэ систем бодитоор ажиллаж байгаа эсэхийг тодорхой хэлэх хүн цөөн.
Төслийн явцад анзаарагдсан нэг зүйл бол зорилго нь цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдсөн явдал. Эхэндээ “түгжрэлийг бууруулах систем” гэж танилцуулсан бол дараа нь зөвхөн “мэдээлэл цуглуулах систем” хэмээн тодотгож эхэлсэн. Мөн RFID наалтыг нэг бүрийг 700 төгрөгөөр тооцсон гэх мэдээлэл гарч, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар олон улсын зах зээл дээр ийм төрлийн tag хамаагүй хямд байдгийг онцолсон. Нийт төсөв, суурилуулсан төхөөрөмжийн бодит өртөг, ашиглалтад орсон эсэх талаар бүрэн тайлагнал өнөөдрийг хүртэл ил тод биш.
Хамгийн анхаарал татсан нь Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өгсөн тайлбар. Тэд RFID системийг огт ашигладаггүй, мэдээлэл болон программ нь Зам, тээврийн яам болон “Бодь” компанийн талд байж болзошгүй хэмээн хэлсэн байна. Одоогоор хөдөлгөөний хяналтыг камерын системээр хийж байгаа бөгөөд нэгдүгээр эгнээнд нэмэлт камер байрлуулснаар зөрчилд илүү хурдан хариуцлага тооцох боломжтой болсон гэнэ.
Эндээс хоёр асуулт гарч ирнэ. Нэгт RFID системийг хүлээлгэн өгөөгүй байхад төсөл үнэхээр дууссан гэж тооцогдох уу? Хоёрт Эхлүүлсэн компани, захиалагч тал ажлаа бүрэн гүйцэтгээгүй гэсэн үг үү?
Хамгийн Сонирхолтой нь, Замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах чиглэлээр Дэлхийн банкнаас зарласан дараагийн тендерт дахин “Бодь” группийн компаниуд оролцож байгаа тухай мэдээлэл гарчээ. Өмнөх систем ашиглагдаагүй байхад, дараагийн том төсөлд оролцож байгаа нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлэх нь ойлгомжтой. Энэ нь бизнесийн хэвийн өрсөлдөөн үү, эсвэл тендерийг хэдхэн компани тойрон эргэдэг “танил систем” болохыг харуулж байна уу гэдэг асуулыг бий болгож байгаа юм.
RFID төслийн түүх зөвхөн технологийн тухай бус, төрийн төсөл хэрхэн эхэлж, хэрхэн төгсдөгийг харуулсан бодит жишээ юм. Наалт нь жолоочийн шилэн дээр, шон нь уулзвар дээр, харин систем нь хаана байгааг хэн ч мэдэхгүй.
Төрийн залгамж чанар гэж үнэхээр байдаг уу? Хэрэв байдаг бол эхлүүлсэн төслийнхөө үр дүнг хэн хариуцах ёстой вэ? Удирдлага солигдсон л бол өмнөх шийдвэрүүд хариуцлагагүй болж хувирдаг тогтолцоо бий болсон юм биш биз. Хэдэн тэрбум төгрөг зарцуулсан төслийн талаар өнөөдөр тодорхой тайлбар өгч чадах албан тушаалтан хэд байгаа бол? Уг нь төрийн бодлого гэдэг сонгуулийн мөчлөгөөс урт настай байх ёстой. Нэг дарга эхлүүлсэн ажлыг дараагийн дарга үргэлжлүүлэх, алдаа байвал хариуцлага тооцох, үр дүн байвал сайжруулах зарчимтай байх учиртай. Гэвч бодит байдал дээр манайд зарим төсөл даргатайгаа хамт “солигддог”, эсвэл дундаас нь замхардаг нь нууц биш. RFID төслийн түүх яг энэ асуудлыг тод харуулж байна.


Б.Зул
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen