Сонгууль дөхөхөөр л “сэрдэг” 1910 хэсгийн ахлагч

Улаанбаатар хот засаг захиргааны хувьд есөн дүүрэг, 204 хороонд хуваагддаг. 2025 оны арванхоёрдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 1910 хэсгийн ахлагч ажиллаж байна гэх тоон мэдээлэл бий. Нэг хэсгийн ахлагч гэр хороололд дунджаар 200–250, харин орон сууцны хороололд 250–300 өрх хариуцан ажилладаг бөгөөд харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, хорооны Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулан ажилладаг гэрээт ажилтан юм.
Албан ёсны журмаар бол хэсгийн ахлагч нь Монгол Улсын хууль тогтоомж, төрийн байгууллагын шийдвэрийг хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад шуурхай хүргэх, сурталчлах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн чиг үүрэгтэй.
Гэвч бодит байдал дээр нийслэлийн олон айл өрх өөрийнх нь хэсгийн ахлагч хэн болохыг мэддэггүй хэвээр байна. Ялангуяа залуучууд, идэвхтэй хөдөлмөр эрхэлдэг иргэдийн хувьд хэсгийн ахлагчтай огт харьцаж үзээгүй байх нь түгээмэл. Харин нийгмийн эмзэг бүлгийнхэн тэднийг “хорооны хүн” гэх ерөнхий ойлголтоор л танина.
Хэсгийн ахлагч нарын чиг үүрэгт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил задгай хог хаягдал үүсгэхгүй байх зэрэг чухал заалтууд багтдаг. Гэвч эдгээрийг бодит ажил болгох нь ховор. “Хэрэг төвөгт орооцолдсон айлд л анхаарал хандуулдаг болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгааг огт харж байгаагүй” хэмээн “Цэргийн хотхон” хорооллын нэгэн оршин суугч ярьсан юм.
Үндсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлдэггүй атлаа хэсгийн ахлагч нар сонгууль, жагсаал цуглааны үеэр гэнэт идэвхждэг дүр зураг олонтаа. Зарим тохиолдолд ахмад настнуудыг олноор нь цуглуулж, ямар зорилго, шаардлагын төлөө жагсаж байгааг нь бүрэн ойлгуулахгүйгээр оролцуулдаг гэх шүүмжлэл иргэдийн дунд бий. Жагсаалд оролцож буй иргэд өөрсдөө юуг, хэний төлөө шаардаж байгаагаа мэдэхгүй зогсож байх нь хэсгийн ахлагч нарын үгээр орсны илрэл хэмээн хардах үндэслэл болдог.
Түүнчлэн гадаад, дотоодын байгууллагаас ирсэн төсөл, хандивыг хамаатан садан, танил талаараа дамжуулан хуваарилдаг гэх хардлага, бодит жишээ ч цөөнгүй яригддаг. “Цалин бага ч хангалт сайтай” гэх хорооны доторх яриа ч үүнийг батлах мэт. Хэсгийн ахлагч нар сар бүр дунджаар 1 сая 200 мянган төгрөгийн цалин авдаг. Үүнийг нийт 1910 ахлагчийн тоонд үржүүлбэл улсын төсвөөс жил бүр багагүй хэмжээний мөнгө зарцуулж буй нь тодорхой. Харин тэдний гүйцэтгэж буй бодит ажил, иргэдэд үзүүлж буй үр нөлөө энэ зардалтай дүйцэхгүй байгаа нь анзаарагддаг.
Гэсэн атлаа 2025 оны нийслэлийн ИТХ-ын ээлжит бус тавдугаар хуралдаанаар хэсгийн ахлагч нарын урамшууллыг 20 хувиар буюу 200 мянган төгрөгөөр нэмэх шийдвэрийг төлөөлөгчдийн олонх дэмжин баталсан байдаг. Иргэдэд танигдаагүй, хариуцсан айл өрхдөө анхаарал хандуулдаггүй, төрийн анхан шатны үйлчилгээг хангалттай үзүүлж чаддаггүй төлөөлөгчдийг ийнхүү урамшуулсан нь иргэдийг бус, харин төслийн болон төлбөртэй жагсаалд ашиглах сонирхлыг дэмжсэн шийдвэр мэт харагдана.
Эдгээр албан тушаалтнууд зөвхөн төлбөртэй жагсаалд иргэдийг оролцуулаад зогсохгүй сонгуулийн үеэр иргэдийн харьяа дүүргийг иргэнд мэдэгдэлгүй өөрчлөх, айл өрхийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй задруулах тохиолдол цөөнгүй гардаг нь хүний эрхийг ноцтой зөрчиж буй явдал юм. Нийгмийн эмзэг, эрсдэлтэй өрхүүдийг ерөнхийд нь мэддэг ч бодит дэмжлэг нь хүнс, бараа тараах түвшинд л хязгаарлагдаж, төрийн үйлчилгээ, нийгмийн оролцоонд татан оролцуулах, амьдрах орчныг сайжруулах чиг үүрэг орхигдсоор байна. Үнэн хэрэгтээ хороонд амьдарч буй иргэн бүрийг идэвхжүүлж, төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлж мэдээлэл түгээх нь тэдний гол зорилго байх ёстой атал хувийн ашиг сонирхол давамгайлж байгаа нь “энэ тогтолцоо үнэхээр хэрэгтэй юу?” гэх асуултыг зүй ёсоор тавихад хүргэнэ.
Гэхдээ хэсгийн ахлагчийн тогтолцоо бүхэлдээ сөрөг биш. Хэрэв чиг үүргээ сэтгэлээсээ хэрэгжүүлж чадвал ахмад настан, мэдээлэлд шууд хүрэх боломжгүй иргэдэд төрийн бодлого, шийдвэрийг хүргэх, онцгой нөхцөлд орон нутгийн түвшинд зохион байгуулалт хийхэд тодорхой үүрэг гүйцэтгэх боломжтой. Гэвч бодит байдал дээр улс төрийн зорилгоор ашиглагдах, танил талд суурилсан шийдвэр давамгайлах, төрийн бүтэц хэт данхайх, хүний эрх зөрчигдөх зэрэг сөрөг үр дагавар нь эерэг талаасаа давж байна.
Анх төр, иргэний хоорондын гүүр байх зорилготой байсан энэ тогтолцоо өнөөдөр үр ашиггүй, улс төржсөн, хяналт сул бүтэц болон хувирчээ. Асуудал нь хувь хүнээсээ илүү тогтолцоондоо байна. Хэрэв хадгалах бол ил тод шалгуур, хатуу хяналт, бодит үр дүнд суурилсан үнэлгээ зайлшгүй шаардлагатай. Харин шинэчлэх боломжгүй бол зоригтойгоор татан буулгаж, орчин үеийн, цахим, шууд харилцаанд суурилсан шийдлээр орлуулах цаг аль хэдийн болсон байна. Хэрэв хэсгийн ахлагчийн тогтолцоог татан буулгавал төсвийн зардал буурах, иргэд төрийн байгууллагатай шууд харилцах, цахим үйлчилгээ ашиглах боломж нэмэгдэх юм.
Ч.Юмчирдулам