Г.Занданшатар: Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй
Талийгаач охин Алтантуяагийнхаа хэргийн үнэн мөнийг бүрэн тогтоолгохын төлөө хорин жил тэмцэж буй МУИС-ийн ахмад багш С.Шаарийбуу гуайтай хамт өнөөдөр оюутан залуустай уулзлаа. Шударга ёсны төлөөх энэ үйлсэд тэднийг нэгдэхийг уриаллаа.Хоёр долоо хоногийн өмнө Малайзын нийслэл Куала-Лумпур хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр талийгаач Ш.Алтантуяагийн нэр төрийн төлөө гарын үсэг цуглуулах цахим өргөдлийг иргэний хувьд санаачилснаа олон улсад зарласан. Өнөөдөр энэ өргөдөлд 119 мянга гаруй хүн гарын үсгээ зуржээ.
Бид энэ хүрээд зогсож болохгүй. Хэргийн үнэн мөнийг бүрэн тогтоолгох, хууль ёсны хариуцлагыг хэрэгжүүлэх шаардлагаа Малайз, Австралийн Засгийн газруудад тууштай тавьж, НҮБ болон холбогдох олон улсын байгууллагуудын анхааралд хүргэх ажлаа үргэлжлүүлнэ.
Монгол паспортоо барьж яваа хүн “Надад асуудал тохиолдвол эх орон минь намайг орхихгүй” гэсэн итгэлтэй байх ёстой. Гадаадад сурах, ажиллах нь хүн бүрийн эрх. Харин эх орондоо амьдрахыг хүссэн ч боломжгүй мэт санагддаг нөхцөлийг бид өөрчлөх ёстой. Иргэнээ хамгаална гэдэг нь эх орондоо аюулгүй орчинд, хөдөлмөрөө үнэлүүлж, амьдралаа бүтээх боломжийг нь бүрдүүлэхээс эхэлнэ.
Өнөөдөр хүрэлцэн ирж, анхааралтай сонсож, өргөдөлд гарын үсгээ зурсан оюутан залуусдаа баярлалаа. Та бүхэн аав ээж, эмээ өвөө, найз нөхдөдөө энэ тухай тайлбарлаж, гарын үсэг зурахад нь туслаарай.
Монгол хүний амь, нэр төрийн төлөө бид нэг Монгол байж гарын үсгээ зурж нэгдэцгээе: change.org/altantuyas

















