Хорин жилийн дараа Монголын төр дуугарч, Ш.Алтантуяагийн шадарга ёсны төлөөх тэмцэлд шинэ шат эхэллээ


2006 онд Малайз Улсад онц хэрцгийгээр амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэрэг 20 жилийн дараа ч бүрэн шийдэгдээгүй хэвээр байна. Охиноо алдсан С.Шаарийбуу энэ хугацаанд үнэнийг тогтоолгох, шударга ёсыг шаардах тэмцлээ тасралтгүй үргэлжлүүлж, олон удаагийн шүүх хурал болон давж заалдах шатны ажиллагаанд оролцон, хууль зүйн олон бэрхшээлтэй нүүр тулжээ.

Харин энэ удаа Монгол Улсын Засгийн газрын тусгай элчээр ажиллаж буй Ерөнхий сайд асан Г.Занданшатар Малайзын нийслэл Куала Лумпур хотод биечлэн очиж, Ш.Алтантуяагийн хэргийн асуудлаар тус улсын талд албан ёсны шаардлага хүргүүлсэн байна. Түүнчлэн уг хэргийн шударга шийдвэрийг шаардах олон улсын цахим гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлжээ.
Г.Занданшатарын Малайзын талд тавьсан шаардлагад шүүхийн давж заалдах гомдлыг ил тод, шударгаар шийдвэрлэх, Австралид байгаа гэрчээс мэдүүлэг авах нөхцөлийг бүрдүүлэх, өмнө нь шалгагдаагүй баримтуудыг дахин нягтлах, шүүхийн ажиллагааны явцын талаар Монгол Улсад албан ёсоор мэдээлэх зэрэг асуудал багтсан байна.
Мөн “Ш.Алтантуяагийн нэр төрийн төлөө” нэртэй олон улсын цахим гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлсэн нь 20 жилийн турш шийдлээ хүлээж буй хэргийн асуудлыг олон улсын анхааралд дахин хүргэх зорилготой аж.
Гадаад улсад гэмт хэргийн улмаас хохирсон Монгол Улсын иргэний эрх ашгийг хамгаалах нь төрийн гадаад бодлого, консулын үйл ажиллагааны чухал үүрэг юм. Тиймээс Ш.Алтантуяагийн хэргийн асуудлыг Малайзын талд албан ёсоор тавьж, шүүхийн ажиллагаанд анхаарал хандуулахыг шаардаж буй нь Монголын төр иргэнийхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй нэгэн чухал алхам болж байна.
Гэхдээ энэ удаагийн шаардлага, олон улсын гарын үсэг цуглуулах ажиллагаа нь хэргийн эцсийн шийдвэрийг өөрөө тодорхойлохгүй. Хамгийн гол нь Малайзын тал тавьсан шаардлагуудад хэрхэн хариу өгөх, шүүхийн ажиллагаа бодитой ахиц гаргах эсэх, 20 жил хүлээсэн С.Шаарийбуугийн тэмцэл шударга ёсны шийдэлд хүрэх эсэх юм.

Л.Чимэг
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen