Ш.Алтантуяагийн хэрэг ба түүний эцэг С.Шаарийбуугийн шударга үнэний төлөөх замнал
2006 оны аравдугаар сарын 19-ний энэ өдөр Малайзын нийслэл Куала Лумпурын захад нэгэн монгол эмэгтэй ор сураггүй алга болж, хэд хоногийн дараа түүний шатсан цогцсыг олсон нь дэлхий нийтийг цочроож байлаа. Тэр эмэгтэй бол Монгол Улсын иргэн, орчуулагч Шаарийбуугийн Алтантуяа байв.
Тэр үед Алтантуяа Малайзын Шадар сайд асан Нажиб Разак болон түүний ойрын зөвлөх, улс төрч Абдул Разак Багинда нарын оролцоотой Францтай байгуулсан зэвсгийн гэрээнд орчуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан нэгэн. Гэвч энэ “ажлын холбоо” эмгэнэлт төгсгөлд хүргэж, Алтантуяа улс төр, авлига, хахуулийн сүлжээний золиос болжээ.
Хэргийг шалгасан Малайзын мөрдөн байцаагчид түүнийг тусгай албаны хоёр ажилтан алж, дараа нь тэсрэх бодисоор устгасан болохыг тогтоосон ч, хэний захиалгаар, ямар шалтгаанаар ийм аймшигт хэрэг үйлдэгдсэнийг өнөөг хүртэл бүрэн илрүүлж чадсангүй.
Монгол эмэгтэйн үхэл зөвхөн нэгэн хүний амь бус, улс төрийн хөшигний цаана өрнөдөг эрх мэдэл, авлигын гүн сүлжээ ямар аймшигтай байдгийг илчилсэн билээ.
Малайзын мөрдөн байцаалтын эхний шатанд тус улсын тусгай хамгаалалтын албанд ажилладагхоёр офицер болох Азилах Хадри, Сирул Азхар Умар нарыг хэрэгт буруутган баривчилсан.
Хэрэг илт, баримт тодорхой байсан ч улс төрийн өндөр албан тушаалтнуудын нэр холбогдсоноор шүүхийн процесс 12 жил үргэлжилсэн юм.
Тэдгээр офицерууд “Бид Разак Багиндагийн хүсэлтээр, дээд тушаалын дагуу үйлдсэн” гэж мэдүүлсэн байдаг. Энэ мэдүүлэг Нажиб Разак тухайн үед Батлан хамгаалахын сайд, дараа нь Ерөнхий сайд болсон улстөрчийг сүүдэр мэт дагасан юм.
Монголын талаас Алтантуяагийн аав, багш, баримтат кино найруулагч С.Шаарийбуу ганцаараа үнэнийг нэхэн тэмцэж ирэв. Тэрээр “Би үрээ алдсан эцэг биш, монгол хүний нэр төрийг хамгаалж яваа иргэн” хэмээн хэлдэг.
17 жилийн турш тэрээр Малайзын шүүх, прокурор, төрийн байгууллагын хаалгыг татаж, олон улсын хэвлэл мэдээлэлд хандсан.
2023 онд Малайзын Дээд шүүхээс Ш.Алтантуяагийн гэр бүлд 5 сая ринггит буюу 1.1 сая ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан нь үнэний төлөөх тэмцлийн нэгэн том ялалт байв. Гэвч энэ мөнгө Монголд ирээгүй.
С.Шаарийбуугийн хэлснээр, Малайзын шүүхийн шийдвэрийн дагуу олгогдох ёстой нөхөн төлбөрийн мөнгийг Монголын төрийн албан тушаалтнууд завшсан байж болзошгүй гэх баримт гарсан.
Тэрээр “Энэ мөнгийг тухайн үеийн Гадаад харилцааны сайд Лувсанвандангийн Болд, Консулын газрын дарга Я.Ариунболд, УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын гар дамжсан гэж би үзэж байна. Харин надад нэг ч төгрөг ирээгүй” хэмээн хэвлэлд ярьсан байдаг.
Шаарийбуу гуай 2010-аад онд Гадаад яаманд удаа дараа хандсан ч хариу ирээгүй бөгөөд түүнийг “албан ёсны шаардлага гаргаагүй” гэж тайлбарласан байдаг. Харин уг хэрэгтэй холбоотой гурван “Болд” өнөөдөр ч төрийн дээд албан тушаал хашиж буй нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байгаа юм.
Шаарийбуу гуай “Би баярлаагүй. Нөхөн төлбөрийн мөнгө юу ч биш. Би охиноо буцааж авч чадахгүй. Харин ‘уучлаарай’ гэдэг үгийг хэлүүлэхийн төлөө 17 жил явлаа” хэмээн хэлсэн нь түүний тэмцлийн мөн чанарыг илэрхийлнэ.
Алтантуяа Монголдоо орос, англи, хятад хэлтэй боловсролтой, олон улсын орчуулгын ажил хийдэг, хоёр хүүгийн ээж байсан. Түүний бага хүү 15-хан насандаа ээжийгээ санаж бэтгэрсээр өөд болсон.
Шаарийбуу гуай “Би охиноо алдсанаар хамаг гэр бүлээ алдсан. Гэхдээ үнэн ялна гэдэгт итгэдэг” гэж ярьсан нь олон хүний зүрхийг эмзэглүүлдэг.
2025 оны байдлаар хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр. Хэргийг үйлдсэн хоёр офицерийн нэг нь Австралид, нөгөө нь Малайзад хоригдож байгаа ч захиалагчдын асуудал бүрэн хаагдаагүй байна.
Малайзын дээд шүүх уг асуудлыг дахин авч үзэхийг зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн гэр бүлийн өмгөөлөгчид “үнэн бүрэн тогтоогдох хүртэл зогсохгүй” гэж мэдэгджээ.
Шаарийбуу гуайг олон улсын хүний эрхийн байгууллагууд “Peace Award”-д олон удаа нэр дэвшүүлж, 2024 онд энэхүү шагналыг хүртээсэн.
Түүний дүрийг Холливудын продюсерууд “Монгол хөх өвгөн” нэртэй баримтат киноны санаанд тусгасан гэх яриа ч бий.
Өнөөдөр тэр Л.Түдэвийн тухай баримтат кино бүтээж, багшийнхаа ажилдаа эргэн орсон ч охиныхоо төлөөх тэмцлээ зогсоогоогүй.
“Гэдэс чинь базалж байвал яар, бусад зүйлд битгий яар. Тайван хүлээ.”
гэсэн үгийг тэр охиноосоо хойш хэлдэг болсон.
Энэ үг бол 19 жил үргэлжилсэн үнэний төлөөх эцгийн дуу хоолой юм.
Б.Зул
www.BOLOD.mn
www.BOLOD.mn