126 гишүүнд 12.6 сая төгрөгийн дурсгалын мөнгө бэлэглэсэн УИХ-ын дарга


Монгол бахархлын өдөр, Чингис хааны мэндэлсний 864 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт парламентын 126 гишүүнд тус бүр 100 мянган төгрөгийн дурсгалын дэвсгэртийг мэндчилгээний хамт бэлэглэжээ.

Энэ нь нийт 12.6 сая төгрөгийн үнэ бүхий бэлэг юм. Гэхдээ энд нэг анхаарах зүйл бий. Уг дэвсгэрт нь гүйлгээнд хүчин төгөлдөр мөнгөн тэмдэгт биш бөгөөд Монголбанкнаас 2025 онд мөнгөн тэмдэгтийн 100 жилийн ойд зориулан цуглуулагч, сонирхогчдод худалдаалсан дурсгалын бүтээгдэхүүн юм.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга төрийн түшээддээ улсын мөнгөн тэмдэгтийн түүх, бэлгэдлийг агуулсан дурсгалын зүйл бэлэглэхэд буруудах зүйлгүй мэт. Харин татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг төрийн байгууллагын удирдлагууд бэлэг, хүндэтгэлийн арга хэмжээнд хэр хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа, ийм зардал ямар эх үүсвэрээс гарсныг олон нийт мэдэх эрхтэй.
Түүнчлэн 126 гишүүнд ижил төрлийн бэлэг өгөхөд зарцуулсан 12.6 сая төгрөг их, багадаа асуудал биш. Харин төрийн байгууллагууд хэмнэлт ярьж, иргэдэд төсвийн сахилга бат шаардаж буй энэ цаг үед төрийн өндөр албан тушаалтнуудын бэлэг, хүндэтгэлийн зардал хэр зохистой вэ гэдэг нь өөрөө анхаарал татах асуудал юм.

Б.Зул
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen