"Гэр хорооллоос орон сууцанд орж байгаа иргэдийг нэн тэргүүнд дэмжинэ"
Засгийн газраас 2027-2030 онд "100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ зарласан. Энэ хүрээнд 2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцаар хангаж, гэр хорооллын 50 мянган янданг бууруулах зорилт тавиад буй. Мөн ипотекийн зээлийн санхүүжилтийг зөвхөн нийслэлд төвлөрүүлэхгүй, 2027 оноос санхүүжилтийн 50 хувийг орон нутагт чиглүүлэхээр зорьж байгаа юм. Энэхүү үндэсний хөтөлбөрийг ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Дархан-Уул аймгийн иргэдэд танилцуулж, ард иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Салбарын сайд Дархан-Уул аймагт энэ үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой бөгөөд орон нутгийн барилгын компаниудын оролцоог нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгоход анхаарна гэдгийг онцолсон юм.
“2027 ОНД 16 МЯНГАН АЙЛЫГ ИПОТЕКИЙН 6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛД ХАМРУУЛНА”
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан:
-Засгийн газраас "100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлж, 50 мянган айлын янданг бууруулахаар зорилтыг тавиад байна. Энэ бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон томоохон ажил. Үндсэн хуульд заасан хүнийг орон байраар хангах гол ажлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас эхлүүлж, Засгийн газрын дэмжлэгтэйгээр ажиллаж байна. Өнөөдөр төвийн бүсийн Дархан-Уул аймгийн иргэдэд энэхүү үндэсний хөтөлбөрөө танилцуулж, аж ахуйн нэгжүүдийн саналыг сонслоо. Дархан-Уул аймгийн хувьд 110 мянган хүн амтай, 31 мянга орчим өрхтэй. Эдгээрээс 11 мянган өрх нь гэр хороололд буюу инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй байна. "100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөрийг иргэдэд танилцуулахад хамгийн гол нь ипотекийн зээлийн хүртээмжийн асуудлыг хөндөж байна. Энэ удаагийн уулзалтад МИК, ТОСК, Монголбанк болон Сангийн яамнаас төлөөлөл хүрэлцэн ирж, холбогдох мэдээллийг өгч ажиллалаа. Орон нутагт ипотекийн зээлийн хүү нэмэгдэх үү гэдгийг асууж, лавлаж байна. Үндэсний хөтөлбөрийн хамгийн том давуу тал бол зээл хүсэгчдээ дэмжихээс гадна нөгөө талдаа аж ахуйн нэгжийн борлуулалт, санхүүгийн эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх зорилтыг тавьж байгаа.
Мөн энэ үндэсний хөтөлбөрийн хүрээнд ард иргэд тогтмол орлоготой хэдий ч ямар нэгэн урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцаа түрээслэх, түрээслээд өмчлөх боломжийг олгож байгаа. Энэ хөтөлбөрийг 2030 он хүртэл хэрэгжүүлэх юм.
Гэхдээ өнөөдөр улсын хэмжээнд 55 мянга орчим зээл хүсэгч 10 арилжааны банкинд хүсэлтээ гаргаад байна. Тиймээс Монголбанкны Ерөнхийлөгч ажлын хэсэгтэй уулзаж, давхардлыг нь арилгахаар ажиллаж байна. Үүний дараагаар хамгийн түрүүнд гэр хороололд амьдарч байгаа иргэн анх удаа орон сууцанд орох хүсэлтэй бол "100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөрийнхөө тэргүүн эгнээнд шийдэж өгнө. Салбарын яамнаас сонгон шалгаруулалтыг хийхгүйгээр арилжааны банкуудтай хамтран цахимаар иргэдэд нээлттэйгээр зохион байгуулж, ажиллана.
Дархан хотод орон сууцанд хамрагдаж буй иргэдийн судалгааг харахад, 20 орчим хувь нь гэр хороололд амьдарч байсан бол үлдсэн 80 орчим хувь нь байраа томсгож, орчин нөхцөлөө сайжруулж байна. Энэ цаг үед үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь нийслэл төдийгүй орон нутагт хэрэгжих бүрэн боломжтой. Өнгөрсөн хугацаанд 13 жил хэрэгжсэн ипотекийн зээл бол үндсэндээ нэг жилд 1.1 их наяд төгрөгийг 9-10 мянган иргэнд өгдөг байсан. Засгийн газар 2027 оны улсын төсөвт 198 тэрбум төгрөг тусгаж, хувийн хэвшилтэй хамтран ипотекийн зээлийн 1.8 их наяд төгрөгийн шинэ эх үүсвэр бүрдүүлэхээр төлөвлөөд байна. Ингэснээр анх удаа орон сууцтай болох гэж буй иргэдийг дэмжиж, 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлд хамруулах боломж бүрдэх юм. Энэ татаасыг улсын төсөвт тусгаснаар жилдээ 25-26 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдэх юм. Монгол Улсын өнөөдрийн орон сууцжуулалтын түвшинг харсан 20-25 мянган орон сууц жилдээ ашиглалтад орж байна. Үүнээс өмнө баригдсан орон сууц бас байгаа. Цаашдаа энэ эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллахад иргэдийн олон жил хүлээсэн оочер дараалал 1-2 жил болж, багасна.
“ИРГЭД ХАШААНДАА АМИНЫ ОРОН СУУЦ БАРИАД, ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖИЙГ ОЛГОНО”

Ерөнхий сайдын зөвлөх А.Баяр:
-Дархан-Уул аймгийн иргэдээс ирүүлж байгаа гурван том асуудалд хариулт өгөхийг зорилоо. Нэгдүгээрт, "100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөрийн хэдэн хувь нь хөдөө орон нутгийн иргэдэд очих вэ гэдэг асуулт байна. Бид өмнө нь орон нутагт 25 хувьтай байсан зээлийн хүртээмжийг 50 хувь болгон нэмэгдүүлнэ. Ингэснээр 100 мянган айлын 50 хүртэлх мянга нь орон нутгийн иргэдэд орон сууцанд орох боломжийг бүрдүүлнэ. Хоёрт, иргэд зөвхөн орон сууцанд амьдрахын тулд ипотекийн зээлд хамрагдах юм уу гэдэг асуудал. Иргэн хашаандаа хөрсний бохирдолгүй, утаагүй шийдлээр байшинд барьж, зээл хамрагдах боломжтой.
Энэ үндэсний хөтөлбөрийн хүрээнд хашаандаа амины орон сууц бариад, ипотекийн зээлд хамрагдах боломжийг олгож өгөх юм. Гэхдээ тухайн иргэний амьдрах байшин нь зураг төсөлтэй, улсын хэмжээнд магадлалаар орж, хотынхоо ерөнхий төлөвлөгөөнд тусгагдан батлагдсан байх ёстой.
Ингээд үл хөдлөхийн гэрчилгээ гарсны дараа ипотекийн зээлд хамрагдах боломжийг олгох юм. Урьдчилсан тооцоогоор 2000 орчим иргэнд хашаандаа амины орон сууцаа барьж, зээл хамрагдах боломжийг олгоно. Гуравт, иргэд ипотекийн оочер дарааллыг ил тод, нээлттэй болгож өгөх хүсэлтийг тавьж байна. Бид энэ асуудалд анхаарч, хүсэлтээ өгсөн иргэний өмнө хэчнээн иргэн байгааг мэдэж, хяналт тавих боломжийг бий болгох ёстой. Одоогийн байдлаар ипотекийн зээлийн хүсэлтийг ил тод болгох програм бэлэн болсон. Холбогдох хуулийн байгууллагын зөвшөөрлийг хүлээж байна.
“НИЙТ ЗЭЭЛИЙН 74 ХУВИЙГ БАНКУУДЫН ЭХ ҮҮСВЭРТЭЙ 18 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ЭЗЭЛЖ БАЙНА”

Монголбанкны дэд дарга Г.Энхтайван:
-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөрийг Дархан-Уул аймгийн иргэдэд танилцууллаа. Энэ хүрээнд хэд хэдэн төрлийн ипотекийн зээлийн хувилбаруудыг нээлттэй танилцуулж байгаа юм. Тодруулбал, иргэд орон сууцыг түрээслэх, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөл, газар чөлөөлөлтийн хүрээнд орон сууцаар хангах бодлого баримтална. Ингэснээр иргэд өрхийн орлого, санхүүгийн боломждоо нийцсэн хэлбэрээр орон сууцанд хамрагдах сонголттой болно. Одоо хэрэгжүүлж байгаа ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг илүү орон нутаг руу чиглүүлэхээр төлөвлөж байна. Дархан-Уул аймгийн хувьд өнөөдрийн байдлаар 1600 орчим айлын ипотекийн зээлийн хүсэлт арилжааны банкуудад байна. Өнгөрсөн хугацаанд энэ аймаг дэд бүтцийн асуудлуудаа шийдэж чадсан учраас "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
Иргэд уулзалтын үеэр олон асуултад хариулт авлаа. Жишээлбэл, ипотекийн зээлийн хүртээмжийн асуудлыг ихэнх нь хөндөж байна. Ипотекийн зээлийг хэрэгжүүлэхдээ төрөөс тодорхой хэмжээний татаастай зургаан хувийн хүүтэй зээл болон арилжааны банкуудын эх үүсвэрээр олгож байгаа 18 хувийн хүүтэй зээлийг олгож байна.
Анх 2013 оноос энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд найман хувийн хүүтэй зээл тухайн жилд олгож буй нийт зээлийн 95 хувийг эзэлж байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ нөхцөл байдал өөрчлөгдөж, 2025-2026 онд нийт зээлийн 74 хувийг арилжааны банкуудын эх үүсвэрээр олгож буй 18 хувийн хүүтэй зээл эзэлж байна. Үлдсэн 26 орчим хувь нь төрөөс хэрэгжүүлж буй зургаан хувийн хүүтэй зээлийг авч байна. Одоогийн байдлаар арилжааны банкууд дээр ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 55 мянган иргэн давхардсан тоогоор хүлээгдэж байна. Энэ хүлээлт нь ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийн эрэлт их байгааг илтгэж буй. Иргэдийн зүгээс зээлийн хүүг бууруулах талаар асууж байна. Энэ нь зээлийн эх үүсвэрийн хэмжээтэй шууд холбоотой асуудал. Хэрэв ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэр хангалттай байвал зээлийн хүртээмж, хүүг бууруулах боломжтой. Өнөөдрийн нөхцөл байдлын хувьд тийм боломж харьцангуй бага байна.
Ипотекийн зээлэнд хамрагдсан иргэдийн 30 хувь нь орон нутагт амьдардаг. Үүнийг 50 хувь болгож нэмэгдүүлнэ. Ингэснээр орон нутагт ипотекийн зээлийг оочергүй, хүлээлтгүй болгохоор зорьж байгааг албаныхан онцолсон юм. Мөн Монгол Улсын 56 суманд нийт 567 айлын төрийн албан хаагчдын түрээсийн орон сууцны төслийг 2025 онд хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд 2026 онд 63 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан бөгөөд үлдсэн 504 айлын орон сууцыг 2027-2028 онд үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


