Орлогоо өөдрөгөөр тооцож, зарлагаа өндөр батлав


УИХ 2027 оны улсын нэгдсэн төсвийг 39.2 их наяд төгрөгийн орлого, 41.5 их наяд төгрөгийн зарлагатай, 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар баталлаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн орлого, зарлагыг тус бүр хоёр их наяд төгрөгөөр бууруулсан ч Төсвийн хүрээний мэдэгдэлд заасан 36.5 их наяд төгрөгийн хязгаарыг баримталж чадсангүй.

Ирэх оны төсвийн гол эрсдэл нь орлогын тооцоолол. Нийт орлогын 21 хувийг татварын бус орлогоос бүрдүүлэхээр төлөвлөсөн нь өмнөх жилүүдийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Тодруулбал, төрийн өмчит болон төрийн оролцоотой компаниудаас 3.4 их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэхээр тооцжээ. Гэвч ашигтай ажилладаг төрийн өмчит компани цөөн бөгөөд тэдгээрийн ашиг уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнээс ихээхэн хамаардаг. Иймээс орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй бол төсөвт тодотгол хийх эрсдэлтэй.
Эдийн засагчид төсвийн зардлыг бууруулж, төрийг цомхон болгон хувийн хэвшлийн бизнес эрхлэх орон зайг нэмэгдүүлэх шаардлагатайг анхааруулж байна. УИХ-ын гишүүн Б.Жаргалан ч 2027 оны төсвийн зарлагыг дор хаяж зургаан их наяд төгрөгөөр танах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Учир нь зардал нэмэгдэхийн хэрээр инфляц, импортын дарамт өсөж, зээлийн хүү өндөр хэвээр үлдэх эрсдэлтэй. Тэр дундаа сонгуулийн жилд төсвийн сахилга батыг алдагдуулж болохгүйг онцолсон юм.
Харин Засгийн газар төсвийн хүрээнд иргэдийн орлого, бизнес эрхлэгчдийг дэмжих олон арга хэмжээ тусгаснаа онцолж байна. Үүнд сарын 792 мянган төгрөг хүртэлх цалинг ХХОАТ-аас чөлөөлөх, дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүргэх, төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувиар нэмэгдүүлэх зэрэг багтжээ. Мөн 16 мянган иргэнд ипотекийн санхүүжилт олгох, 180 мянга орчим аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 246 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн байна.
Түүнчлэн боловсролын салбарт нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 45 эмнэлэг, 137 сургууль, 72 цэцэрлэг, 41 дотуур байр барихаар төлөвлөжээ. Эрчим хүчний 800 МВт-ын шинэ эх үүсвэр бий болгож, 338 км авто зам шинээр барих аж.
Гэвч төсвийн зарлага өндөр батлагдсан нөхцөлд инфляцын дарамт үргэлжилж, төгрөгийн ханш сулрах эрсдэлтэй. Үүнийг тогтоон барихын тулд мөнгөний бодлого чанга хэвээр байвал хувийн хэвшлийн зээл, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, цалин, тэтгэвэр нэмэгдсэн ч үнийн өсөлт иргэдийн худалдан авах чадварыг бууруулбал амьжиргаанд бодит ахиц гарахгүй. Ирэх оны төсвийн гол сорилт нь төлөвлөсөн орлогоо бүрдүүлж, өндөр зардлаа эдийн засагт дарамт учруулахгүйгээр санхүүжүүлж чадах эсэх юм.


П.Самдан
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen