Х.Нямбаатарыг 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа олгосон асуудлаар шалгаж байна

Цагдаагийн байгууллагаас нийслэлийн 24 төсөл, хөтөлбөр, тэр дундаа Туулын хурдны зам, Шинэ тойрог зам, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалттай холбоотой зургаан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эдгээр хэрэгт нийт есөн хүнийг яллагдагчаар татаж, 200 орчим хүнээс мэдүүлэг авчээ. Мөн 40 гаруй удаагийн үзлэг, нэгжлэг хийсэн байна.
ЦЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэнгийн мэдээлснээр, хотын дарга асан Х.Нямбаатарыг Туулын хурдны замын гүйцэтгэгч компанид 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа олгохдоо Тендерийн тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр 2026 оны есдүгээр сарын 25-нд яллагдагчаар татжээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа дуудсан боловч ирээгүй бөгөөд наймдугаар сарын 10-нд Монгол Улсын хилээр гарсан нь тогтоогдсон байна. Одоогоор Канад улсад түр оршин сууж байгаа гэх албан бус мэдээлэл авч, Интерполын шугамаар олон улсын байгууллагад ханджээ.
Туулын хурдны замын төслийн гүйцэтгэгч компанийн 14 дансанд байршуулсан 339 тэрбум төгрөгийг царцаасан бол үлдсэн 160 тэрбумыг төслийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна. Мөн төслийн хүрээнд Туул голын бургасан ойг зохих ёсоор шилжүүлэлгүй огтолсны улмаас 352.2 сая төгрөгийн хохирол учирсан гэж мэргэжлийн байгууллага дүгнэжээ.
Харин Шинэ тойрог замын 16.9 тэрбум төгрөгийн тендертэй холбоотой хэрэгт Т.Даваадалай болон гурван албан тушаалтныг шалгаж дуусган, шүүхэд шилжүүлсэн бөгөөд 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн байна. Сэлбэ дэд төвийн тендерүүд болон Х.Нямбаатарыг хамаарал бүхий этгээдүүдэд 20 гаруй тендер хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй асуудлаар үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Мөн “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам”, “Бодь” группийн хоорондын 110 сая ам.долларын авлигын гэх мэдээллийг шалгаж байгаа ч уг мөнгийг бэлнээр авч тараасан, эсвэл урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн баримт тогтоогдоогүй. Харин төслийн урьдчилгаанд 286 тэрбум төгрөг олгосон баримт байгаа гэдгийг Х.Буянтүмэн мэдээллээ.
Сэтгэгдэл (1)