750 орчим хүнийг Украины талд нүүлгэн шилжүүлжээ

750 орчим хүнийг Украины талд нүүлгэн шилжүүлжээ

 

Оросын эзлэн түрэмгийлэлд байсан Олешки хотоос 750 орчим иргэнийг түр гал зогсоох тохиролцооны хүрээнд нүүлгэн шилжүүлж, Украины хяналтад байдаг нутаг дэвсгэрт хүргэжээ.

Украины эрх баригчдын мэдээлснээр, есдүгээр сар гэхэд тус хотод хүнс, цахилгаан, эм тариа зэрэг нэн шаардлагатай зүйлсийн хомсдол үүссэн байжээ. Дайны өмнө 24 мянга орчим хүн амтай байсан Олешки хотын оршин суугчид дроны довтолгоо, мина, хүнсний хомсдолын улмаас амь насанд нь байнга аюул учирч байсан талаар ярьсан байна.

Түр гал зогсоох тохиролцоо Мягмар гаригт (2026.10.27) хэрэгжиж эхэлсэн бөгөөд Ням гаригийн 23:00 цаг хүртэл үргэлжлэх аж.

Энэ хугацаанд хүмүүнлэгийн тусламж хүргэх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх зорилгоор хот руу чиглэсэн замуудыг минаас цэвэрлэж, автобус ажиллуулжээ.

Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг эхлээд Крымээр дамжуулан Беларусь руу хүргэж, улмаар Украины Чернигов мужид авчирсан байна. Тэдний дунд 94 настай хамгийн өндөр настай хүн, нэг нас хүрээгүй хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтад байжээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский иргэдийг аврах ажиллагаанд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлсэн АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгт талархал илэрхийлсэн байна. Мөн Украины хүний эрхийн комиссар Дмитрий Лубинец иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд биечлэн оролцжээ.

Үүний зэрэгцээ Зеленский АНУ, Украин, ОХУ гэсэн гурван улсын төлөөлөгчдийн уулзалтыг арваннэгдүгээр сарын эхний хагаст зохион байгуулахаар бэлтгэж байгааг мэдэгдэв. Уулзалтыг Туркт хийх талаар тус улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай хэлэлцсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: NEW YORK POST

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen