Хятадад AI ашиглан өдөрт 1500 гаруй богино цуврал бүтээж байна

Хиймэл оюун ухааныг улс орнууд программ хөгжүүлэх, ажлын бүтээмж нэмэгдүүлэхэд ашиглаж байгаа бол Хятадад богино хэмжээний кино, цуврал үйлдвэрлэхэд өргөнөөр ашиглаж эхэлжээ.
Шэньжэний хөрөнгийн биржид бүртгэлтэй Zhongwen Online компанийн мэдээлснээр, хиймэл оюун ухааны нийт хэрэглээний 55 хувийг богино цуврал болон видео бүтээхэд зарцуулж байна. Харин 24 хувийг цахим худалдаа, сурталчилгаа, 15 хувийг программ хангамж хөгжүүлэхэд ашиглажээ.
Энд дурдсан токен гэдэг нь AI мэдээлэл боловсруулахдаа ашигладаг нэгж юм. Видео бүтээхэд текст, зураг боловсруулахтай харьцуулахад илүү их токен шаарддаг тул үйлчилгээний зардал ч нэмэгддэг байна.
Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Хятадын цахим орчинд AI-г бүтээмж нэмэгдүүлэхээс илүү зугаа цэнгэлд ашиглаж байна гэсэн шүүмжлэл өрнөжээ. Харин ByteDance компани нийт тооцоолох хүчин чадлынхаа ердөө 10 орчим хувийг видео үүсгэгч AI загваруудад ашигладаг гэж мэдэгдсэн байна. Гэхдээ энэ нь токены хэрэглээний хувьтай адил хэмжүүр биш юм.
Хятадад AI ашигласан богино цувралын үйлдвэрлэл эрчимтэй өсөж байна. Энэ оны эхний хагаст 275 мянган цуврал бүтээж, өдөрт дунджаар 1,519 цуврал үйлдвэрлэсэн гэх тооцоо гарчээ. Мөн нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд шинээр гарсан богино цувралын тоо 430 мянгад хүрсэн нь өнгөрсөн жилийн нийт үзүүлэлтээс 13 дахин их байна.
Хятадын Үндэсний радио, телевизийн хэрэг эрхлэх газрын судалгаагаар, 2025 онд дэлхийн богино хэмжээний цувралын зах зээл 18 тэрбум ам.долларт хүрсний 14 тэрбум гаруй ам.доллар буюу 77.8 хувийг Хятад улс дангаараа бүрдүүлжээ.
Б.Зул
www.BOLOD.mn