Оросын арми Украйны хэд хэдэн хотод цохилт өгч, 20 хүн амиа алджээ


ОХУ-ын арми аравдугаар сарын 29-нд Украины хэд хэдэн хотод дрон болон пуужингийн цохилт өгсний улмаас наад зах нь 20 хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ. Энэ талаар Reuters агентлаг мэдээллээ.

Хамгийн олон хүн амиа алдсан халдлага Днипро хотын төв төмөр замын өртөөнд болжээ. Зорчигчдын галт тэрэг хөдлөхөөр бэлтгэж байх үед тийрэлтэт хөдөлгүүртэй дрон өртөөний тавцанд оногдсоны улмаас 14 хүн амиа алдсан байна. Мөн тус хотын оюутны дотуур байр дроны цохилтод өртөж, гал гарсан бөгөөд 350 мянга орчим өрхийн цахилгаан хангамж тасалджээ.
Үүнээс гадна Чернигов хотод дроны халдлагын улмаас 15 настай хоёр охин амиа алдаж, 23 хүн шархадсан бол Кременчук хотын орон сууцны барилга болон хувийн байшингууд руу хийсэн цохилтын улмаас гурван хүн амиа алдаж, 32 хүн гэмтэж бэртжээ.
Харин Киев хотод орон нутгийн цагаар аравдугаар сарын 29-ний орой пуужингийн цохилт өгсний улмаас нэг хүн амиа алдсан байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский халдлагуудыг эрс буруушааж, энгийн иргэд болон иргэний дэд бүтцэд чиглэсэн довтолгоо үргэлжилж байгааг мэдэгдсэн юм. Харин Москва энгийн иргэдийг зориудаар онилдог гэх мэдэгдлийг няцаадаг байна.

П.Самдан
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen