Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор компанийн дүрэмд заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд олон улсын аудитын BDO компаниар хараат бус, хөндлөнгийн аудит хийлгэж, аудитын тайлан, дүгнэлтийг хүлээн авлаа.
Аудитын компаниас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусдаа санхүүгийн тайлан нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт болон Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцэж байна гэж үзэн, “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна.
Энэхүү олон улсын аудитын дүгнэлт нь цаашид компанийн бизнесийн үнэлгээг хийлгэх, хөрөнгийн биржид бүртгүүлэх, нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлын чухал үе шат юм.
Компанийн зүгээс аудитад шаардлагатай мэдээлэл, тайлбарыг бүрэн хүргүүлж, мэдээлэл солилцох зорилгоор талуудын удирдах түвшний ажилтнуудын уулзалтыг тухай бүр зохион байгуулсан бөгөөд аудитын хараат бус байдлыг хангах зарчмыг бүрэн баримталж ажилласан гэж үзэж байна.
Аудитын компани нь гэрээнд заасны дагуу компанийн санхүүгийн тайлагналд олон улсын стандартын дагуу аудит хийж, холбогдох зөвлөмж болон нэмэлт ажлуудыг бүрэн гүйцэтгэсэн тул хамтын ажиллагааны санамж бичгийн зорилго хэрэгжсэн гэж талууд дүгнэлээ.
Компанийн аудитлагдсан санхүүгийн тайлан, мэдээлэл нь олон улсын стандартын дагуу бэлтгэгдсэн бөгөөд олон улсын болон дотоодын мэдээлэл хэрэглэгчид, хувьцаа эзэмшигчдийг үнэн зөв мэдээллээр хангах үндэслэлтэй болсныг талууд хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажуулан гарын үсэг зурлаа.[/spoiler][/spoiler]