Хууль: Болгоомжгүй үйлдлээр ой, хээрийн түймэр дэгдээвэл 1–5 жил хорих ялтай


Монгол Улсад санамсар болгоомжгүй үйлдлээр ой, хээрийн түймэр дэгдээсэн хүн хохирлын хэмжээ, учирсан үр дагавар болон үйлдлийн нөхцөлөөс шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээхээс гадна учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй.
Тухайлбал, автомашины халсан яндангаас оч үсрэх, тамхины иш эсвэл бүрэн унтраагаагүй галын улмаас түймэр гарсан бол санаатай үйлдээгүй гэдэг нь дангаараа хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Хуулиар ямар хариуцлага хүлээлгэх вэ?
1. Эрүүгийн хариуцлага
Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хүний амь нас хохирох, эрүүл мэндэд хүнд хохирол учрах эсвэл бусад ноцтой хохирол гарах нөхцөлд 1–5 жил хорих ял оногдуулахаар заасан байна.

2. Учруулсан хохирлыг нөхөн төлөх
Ойн тухай хуулийн 46.2-т түймрийн хор уршгийг арилгах зардлыг улсын төсвөөс гаргаж, шалтгааныг тогтоосны дараа гэм буруутай этгээдээр хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхээр заажээ. Үүнд байгаль орчин, эд хөрөнгө болон бусад хохирол хамаарч болно.

Бодит жишээ
Улсын Ерөнхий прокурорын газрын 2026 оны есдүгээр сарын 10-ны мэдээлэлд Дорнод аймагт автомашины яндангаас оч үсэрсний улмаас 81.1 мянган га талбай шатаж, нэг хүн амь насаа алдсан хэргийг дурджээ. Шүүх тухайн жолоочийг гэм буруутайд тооцож, 1 жил 5 сарын хугацаагаар тэнссэн бөгөөд байгаль орчинд учирсан хохирлын 40.9 сая төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 99 сая төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen