COP17-ын үеэр замын хөдөлгөөнд тусгай зохицуулалт хийнэ
Монгол Улсад зохион байгуулагдах COP17-ын үеэр нийслэлийн замын хөдөлгөөнд тодорхой зохицуулалт хийхээр болжээ. Энэ хүрээнд зарим худалдааны төвийн авто зогсоолыг түр хааж, тодорхой замын хэсгүүдээр зөвхөн нийтийн тээвэр болон онцгой албаны тээврийн хэрэгсэл зорчих юм.
Тодруулбал, Нарантуул ОУХТ, Дүнжингарав худалдааны төв болон Шинэ 100 айл худалдааны төвийн авто зогсоолыг түр хугацаагаар хаахаар байна.
Иймд эдгээр худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдийг хувийн автомашинаар зорчихоос аль болох зайлсхийж, нийтийн тээврээр үйлчлүүлэх эсвэл зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөхийг зөвлөж байна.
Мөн дараах замын хэсгүүдэд хувийн автомашины хөдөлгөөн хязгаарлагдаж, зөвхөн нийтийн тээвэр болон онцгой албаны тээврийн хэрэгсэл нэвтэрнэ. Үүнд:
- Дүнжингарав захын баруун урд уулзвараас Дүнжингаравын гудамжийг Зүүн Жанжин 1-р гудамжтай холбосон уулзвар хүртэл;
- Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараас Өгөөмөр захын зүүн урд уулзвар хүртэл;
- Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараас Дүнжингарав захын баруун урд уулзвар хүртэлх зам багтаж байна.
Харин иргэдийн нийтийн тээврээр зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр чиглэлийн богино эргэлтийн автобусыг шинээр нэмэхээр төлөвлөжээ.
Тус автобус нь:
Офицер – Нарантуул – Дүнжингарав
болон
120 мянгат – Хоумплаза – Нарантуул – Дүнжингарав
чиглэлд үйлчилнэ.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автомашинд зориулсан тусгай авто зогсоол зохион байгуулахаар байна.
Иргэд дээрх зохицуулалттай холбоотойгоор зорчих чиглэл, хугацаагаа урьдчилан тооцоолж, шаардлагатай тохиолдолд нийтийн тээврийг сонгохыг зөвлөж байна.
COP17-ын үеэр нийслэлд хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбоотойгоор иргэдийн өдөр тутмын зорчих хөдөлгөөнд тодорхой хүндрэл үүсэх эрсдэлтэй тул замд гарахаасаа өмнө маршрутаа төлөвлөх нь чухал юм.
Богино эргэлтийн автобусны буудал болон чиглэлийн дэлгэрэнгүй мэдээллийг QR код уншуулж авах боломжтой.