Closed Cases: 16 настай охины амь насыг хохироож, чемоданд хийж нуун дарагдуулсан шүүгдэгч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан хэрэг


2026 оны нэгдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 16 болон 32 настай хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогдох шүүх хурал хаалттайгаар хоёр өдөр үргэлжилж, эцэслэн шийдвэрлэгдсэн юм.

Уг хэрэгт Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай Ц.Давгадорж холбогдсон бөгөөд тэрбээр хохирогчдыг хөнөөсний дараа гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор цогцсуудыг чемодан болон хувцасны шүүгээнд нуусан нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна. Хэрэгт нийт дөрвөн хүнийг яллагдагчаар татсан бөгөөд Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарын холбогдсон асуудал шүүх хурлын явцад маргаан дагуулж байв.

2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр шүүх хурал эхэлж, нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаа орой 22:00 цаг хүртэл үргэлжилсний дараа маргааш үргэлжлүүлэхээр завсарласан. Энэ үеэр өмгөөлөгчдийн зүгээс яллагдагчдын байр суурь, нотлох баримтын талаар зөрүүтэй мэдэгдлүүд хийж байлаа. Мөн урьдчилсан хэлэлцүүлэг 2026 оны нэгдүгээр сарын 12-нд болсон ба зарим өмгөөлөгч оролцоогүй, хэргийг буцаах шаардлагатай гэх асуудлууд хөндөгдөж байсан юм.

Хоёр дахь өдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 23-нд шүүх хурал 16 цаг орчим үргэлжилж, нотлох баримтыг бүрэн шинжилсний дараа шүүгчид зөвлөлдөх танхимд орж, оройн 18:00 цагт шийдвэрээ танилцуулсан. Шүүхээс Ц.Дагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/, 12.5 дугаар зүйл /насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох/ зэрэг зүйл ангиар гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноосон байна.

Харин 16 настай охины хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг гэм буруугүй гэж үзэн цагаатгаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цуцлан суллах шийдвэр гаргажээ.

Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5, 2.6, 2.7 дахь хэсгүүд /онц харгис хэрцгий, хоёр ба түүнээс олон хүнийг, ашиг сонирхлын үүднээс, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан үйлдэх/, мөн 12.5, 13.2, 17.3, 17.8, 26.1 дүгээр зүйлүүдийг холбогдуулан шалгасан байна. Ийнхүү олон нийтийн анхаарал татсан ноцтой хэрэг хоёр өдрийн шүүх хурлын дараа эцэслэн шийдвэрлэгджээ.



Б.Зул
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen