С.Амарсайхан: Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоно


Өнөөдөр “Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ.
2017 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь иргэний, эрүүгийн, зөрчлийн болон захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэг хуулиар зохицуулсан. Гэвч өнөөгийн хэрэгцээ шаардлага, олон улсын жишгээс үзэхэд эдгээр харилцааг ялган зохицуулж, ялангуяа иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийг бие даасан тогтолцоогоор шинэчлэх шаардлага үүсээд байна.
Иймээс Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдал болон иргэний, эрүүгийн, зөрчлийн хэргийн шийдвэр гүйцэтгэлийн тухай багц хуулийн төслийг боловсруулж байна.
Өнөөдөр иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн мөнгөн дүнгийн биелэлт ердөө 13 хувьтай, 2.5 их наяд төгрөгийн дүнтэй 17,748 гүйцэтгэх баримт бичиг түдгэлзсэн байдалтай байгаа нь нийтдээ 7.5 их наяд төгрөг эдийн засгийн эргэлтэд орохгүй байна. Энэ нь хөрөнгө оруулалт, зээлийн зах зээл, гэрээний сахилга бат, шүүхэд итгэх итгэлд сөргөөр нөлөөлж байгаа юм.
Хуулийн төслөөр:
-Иргэний шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоог шинэчлэх;
-Хувийн шийдвэр гүйцэтгэх тогтолцоог үе шаттай нэвтрүүлэх;
-Шийдвэр гүйцэтгэлийг зориуд удаашруулах нөхцөлийг арилгах;
-Шүүхийн шийдвэрийг хугацаанд нь биелүүлэх эдийн засаг, эрх зүйн хөшүүргийг бий болгох;
-Төлбөрөөс санаатай зайлсхийх үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг чангатгах;
-Албадан дуудлага худалдааг илүү нээлттэй, үр ашигтай болгох;
-Хүүхдийн тэтгэлгийн биелэлтийг эрс сайжруулах зэрэг томоохон шинэчлэлийг хэрэгжүүлэхээр зорьж байна.Шударга шүүхийн шийдвэр нь эрх зүйт төрийн үндэс юм. түүний бодит биелэлт нь эрх зүйт төрийн баталгаа юм. Иймээс шүүхийн шийдвэрийг гарцаагүй биелүүлдэг, шударга ёс бодитой хэрэгждэг тогтолцоог бүрдүүлэхийн төлөө энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлэхээр зорьж байна.
“Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” хэлэлцүүлгээс бодит санал, оновчтой шийдэл гарч, хуулийн төсөлд тодорхой үр дүн авч ирнэ гэж найдаж байна.
Хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen