УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг хориглох бус, аюулгүй байдлыг хангах зохицуулалт хийлээ

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц хуулийн гол өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр цахилгаан скүүтер, мопед, суррон зэрэг хэрэгслийг бүрэн хориглохын оронд зөв зохицуулалттай ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг онцолсон юм. Шинэ хуулиар 18-аас дээш насны, жолооны үнэмлэхтэй иргэн цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглах бөгөөд зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцох зохицуулалт тусгажээ.
Мөн явган зорчигчдын аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор явган хүний гарцаар гарахдаа цахилгаан тээврийн хэрэгслээ түрж гарах, насанд хүрээгүй хүүхдэд цахим эрх ашиглуулсан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид хариуцлага тооцох зэрэг заалтуудыг тусгасан байна.
Г.Лувсанжамц гишүүний хэлснээр өнгөрсөн онд цахилгаан тээврийн хэрэгслээс шалтгаалсан 2000-3000 орчим гэмтэл, бэртлийн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд шинэ хууль хэрэгжсэнээр эдгээр осол буурч, явган зорчигчдын аюулгүй орчин сайжирна гэсэн хүлээлттэй байгаа аж.
Түүнчлэн тэрээр “20 минутын хот” үзэл баримтлалын хүрээнд сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын хэрэгцээг 20 минутын дотор авах боломжтой хот төлөвлөлтийн эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаагаа дурдлаа.
Мөн нийслэлийн шинэ удирдлагыг хүн төвтэй хөгжлийн бодлого хэрэгжүүлж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дугуй болон цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийг өргөжүүлэх, түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлд илүү анхаарч ажиллана гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлэв.