Скүүтер, мопедоор зорчиж яваа хүнд жолооч нар авто замын баруун хөвөөг чөлөөлж өгөх зохицуулалттай болж байна


Скүүтер, мопедыг явган хүний замаар явуулахгүй байх, авто замын баруун талын хөвөөгөөр явуулах шийдвэр гарчээ.
Харин уг зохицуулалтын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих асуудлаар Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газар, Тээврийн Цагдаагийн Алба, Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв зэрэг холбогдох албаныхан хэлэлцэж, Бага тойруу дотор 86 байршилд цагдаагийн нийт 186 албан хаагч хяналт тавихаар болжээ.
Ингэхдээ нэг цагдаагийн албан хаагч, нэг олон нийтийн цагдаа гэсэн зохион байгуулалтаар хяналт тавих бөгөөд олон нийтийн цагдаа нарыг замын хөдөлгөөний тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах, авто замын баруун талын хөвөөгөөр зорчихыг зөвлөх, ямар тохиолдолд скүүтер, мопедыг явган хүний замаас гаргах, 16 наснаас доош хүүхдүүдийг скүүтер, мопед унахгүй байхыг зөвлөх, шаардах сэдвээр сургалтад хамруулсан байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” 2026 онд гарсан захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болжээ.
  • Бага тойруу дотор явган хүний зам дээр дугуйн тэмдэглэгээ байхгүй тохиолдолд скүүтер, мопедтой зорчихгүйгээр авто замаар зорчих. Жолооч нар авто замын баруун хөвөөг чөлөөлж өгөх. Хөвөөгүй тохиолдолд баруун талаар зорчих боломжийг олгож бусдад хүндэтгэлтэй хандах.
     
  • Дугуйн тэмдэглэгээтэй замаар явж байгаа тохиолдолд явган зорчигч зам тавьж өгөх. Дугуйн тэмдэглэгээтэй замаар явган хүн зорчихгүй байх
     
  • Нийслэлийн Авто Замын Хөгжлийн газраас авто замаар скүүтер, мопед зорчих тэмдэг, тэмдэглэгээг байршуулах
     
  • Скүүтер, мопедын зогсоолыг нэмэгдүүлэх. Аж ахуйн нэгжүүд тодорхой зориулалтын тэмдэг, тэмдэглэгээ бүхий зогсоол гаргах.
     
  • Шат дараатай ажлуудыг хийж скүүтер, мопедыг явган хүний замаас бүрэн гаргаж авто зам руу оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх.
НИТХ болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга "16 нас хүрээгүй тохиолдолд скүүтер, мопед унах боломжгүй байх тохиргоог хийхийг аж ахуйн нэгжүүдэд уриалж, анхааруулсан ч мопедыг 11 настай хүүхэд унаад осолдсон тохиолдол гарсан. Азаар хүүхэд өөрөө бэртэж гэмтээгүй байна. Хүний амь наснаас илүү бизнес байх ёсгүй. Хаа хаанаа анхаарч хамтарч ажилламаар байна" гэв.
 
Эх сурвалж: НИТХ-ын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Алба
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen