Ипотекийн мөрөөдөл ба эрх мэдэл, ашиг сонирхлын сүүдэр

Орон сууцтай болох мөрөөдөл Монголд хэзээнээсээ хамгийн үнэтэй мөрөөдөл байсаар ирсэн. Үүнийг биелүүлэх нэрийн дор хэрэгжсэн Найман хувийн ипотекийн зээлийн хөтөлбөр анх иргэдийг дэмжих, нийгмийн бодлогын хэрэгсэл байв. Гэвч өнөөдөр энэ “нийгмийн халамж” хаашаа ч юм эргэж, эрх мэдэлтнүүдийн хувийн ашиг сонирхлын “алтан боломж” болж хувирчээ.
Монголбанк, Засгийн газар, арилжааны банкууд хамтран хоёр мянга арван гурван оноос хэрэгжүүлж буй уг зээл онол дээрээ бол тун энгийн. Иргэн тодорхой шалгууруудыг хангасан байх хэрэгтэй. Үүнд: Арван наймаас тавин таван насных байх, тогтмол орлоготой байх, хамгийн багадаа урьдчилгааны хорин хувийг төлөх, санхүүгийн түүх хэвийн байх зэрэг орно. Хэрэв эдгээрийг хангасан бол та ипотекийн зээлийн хүсэлтээ өгч дараалалд орно, Тэгээд санхүүжилтээ авсанаар байраа худалдаж авах боломжтой. Гэвч бодит байдал дээр “дараалал” гэдэг ойлголт танил тал, нөлөөлөл, дотоод тохироо гэдэг үгтэй зэрэгцэж яригддаг болсон нь нууц биш.
Санхүүжилт хязгаарлагдмал үед жирийн иргэн хэдэн жил хүлээдэг атлаа, тодорхой төслүүдийн байр “гэнэт” ипотекийн санхүүжилтэд багтчихдаг. Мөн зарим хүмүүс “гэнэт” шалгуур хангачихдаг. Харин жирийн иргэд дараалалдаа хүлээсээр...
Ипотекийн зээл зах зээлд ормогц байрны үнэ өсдөг. Халамжийн шинжтэй зээл байх байтал барилгын компаниудын ашиг нэмэгдэж, иргэд илүү үнэтэй байр авах шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл, найман хувийн хүүтэй зээлээр иргэдийг дэмжих гэсэн бодлого эцэстээ орон сууцны үнийг хөөрөгдүүлэх хэрэгсэл болж хувирсан.
Мөн саяхан Улсын их хурлын гишүүн Энх-Амгалан “Таваас дээш байртай арван хоёр мянган иргэн ипотекийн зээлтэй нь бүртгэгдсэн” гэж мэдээлсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлэв.
Хэрвээ энэ тоо үнэн бол, тус хөтөлбөр зорилтот бүлэгтээ хүрэхгүй, харин цөөн хүнд давуу байдал олгож байсныг илтгэнэ. Анхны жилүүдэд нэг хүн хэд хэдэн удаа зээл авах боломжтой байсан бол, Хоёр мянга арван зургаан онд Монголбанк “нэг хүн дахин зээл авах эрхгүй” гэж журамалсан байдаг. Тэгэхээр “Таваас дээш байртай арван хоёр мянган иргэн” гэх мэдээлэл нь тогтолцооны ноцтой гажуудлыг харуулж байна.
Энэ тухай Монголын ипотекийн корпораци “манайх зээл олгодоггүй, зөвхөн үнэт цаасжуулдаг”гэсэн бол Монголбанк “санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилдаг, зээл олгосон иргэнийг мэдэх эрхгүй” гэж мэдэгдсэн байдаг. Харин арилжааны банкууд “журмын дагуу ажиллаж байгаа, нэг хүн олон удаа зээл авах боломжгүй” гэж тайлбарласанаар энд хэн ч буруугүй журмын дагуу ажилласан болж таарав. Харин энэ тоог хэлсэн гишүүн чимээгүй л сууна. Энэ тоо үнэхээр үнэн бол ганц байгууллагын алдаа биш, бүхэл бүтэн системийн доголдол болж хувирч байгаа юм.
Ипотек бол зүгээр нэг зээл биш. Энэ бол татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг бодлого. Тийм атал ил тод байдал, шударга хуваарилалт, ашиг сонирхлын зөрчилгүй механизм хангалттай бий юу гэдэг асуулт хариулт нэхсээр байна.
Эцэст нь ипотекийн зээл иргэдийн орон сууцтай болох гүүр байх ёстой. Харин авлигын сүүдэр туссан “алтан боломж” болж хувирвал энэ бодлого анхныхаа утгыг алдана. Мөрөөдлийг санхүүжүүлэх гэж эхэлсэн систем эрх мэдэл, нөлөөллийн сүлжээг тэжээдэг хэрэгсэл болж хувирах вий гэсэн болгоомжлол ийнхүү улам нэмэгдсээр байна.
www.BOLOD.mn
Сэтгэгдэл (1)