Путин Украины дайн дуусах дөхөж байна гэжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Путин тавдугаар сарын 9-ний Ялалтын парадын дараа мэдээлэл өгөхдөө Украин дахь дайн дуусах дөхөж байна гэжээ. Барууныхан Украинд тусалж буй талаар түүнээс асуухад "Тэд тусламж амлаад, дараа нь өнөөдрийг хүртэл үргэлжилж буй энэ мөргөлдөөнийг өдөөж эхэлсэн. Одоо энэ асуудал дуусах цаг нь ирсэн гэж би бодож байна. Гэхдээ энэ бол ноцтой асуудал. Удаан хугацааны энхийн хэлэлцээрийн тохиролцоонд хүрсэн цагт л би Зеленскийтэй уулзана. Гуравдагч оронд уулзалт хийх боломжтой ч эцсийн тохиролцоонд хүрсэн хойно л ийм арга хэмжээнд оролцож гарын үсэг зурах боломжтой. Энэ нь эцсийн алхам байх учиртай юм. Зеленский надтай нүүр тулан уулзахад бэлэн байгааг би сонссон. Гэхдээ ийм үгийг нь анх удаа сонсч байгаа биш шүү дээ.
Би Европын аюулгүй байдлын шинэ зохицуулалтын талаар хэлэлцээр хийхэд бэлэн байгаа. Энэ хэлэлцээний түншээр Германы канцлер асан Герхард Шредер оролцох болно" гэжээ.
Германы канцлер асан Герхард Шредер нь Путины эртний найз бөгөөд Оросын төрийн өмчит эрчим хүчний компаниудад ажилладаг байсан нэгэн.
Дашрамд дурдахад, АНУ-ын зуучлалаар Орос, Украины талууд гурав хоног гал зогсоож, тус тус 1000 хоригдол солилцох болсон. Гэвч Ням гаригт хэлэлцээрийг зөрчсөн гэж талууд харилцан бие биеэ буруутгажээ. ОХУ-ын мэдээлснээр, Украины тал 6000 гаруй дрон, олон зуун их буугаар халдсан байна. Харин Украины мэдээлж буйгаар ОХУ-ын арми Харьков, Днипропетровск, Запорожьед дроноор цохилт өгснөөр хэд хэдэн хүн гэмтэж бэртжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC