Өнгөрсөн 36 жилд юу, юу, яаж өөрчлөгдөө вэ?


Нийгмийн шинж ба хүний чанар хоорондоо нягт холбоотой нь үнэн хэдий ч хувь хүний үзэл санаанд гардаг өөрчлөлтийн хурд нь нийгмийн ухамсарт гардаг өөрчлөлтийн хурдаас илүү их гэгддэг. Энэ нь ч үнэн ажээ. Жишээ нь 1921 оноос өмнөх үеийн, 1921-1990 оны үеийн, мөн 1990-2026 оны үеийн монгол хүний сэтгэлзүй, ухамсар, дүрсэлж хэлбэл, тэмээ ямаа шиг ялгаатай. Өнөөдөр гэхэд л 65-аас дээш настай хүмүүсийн үнэлгээгээр бол тэд шинэ үеийнхэн гэгдэх хүмүүсээ “танихаа больсон” гэнэ. “Шал өөр хүмүүс буй боллоо. Бүр эмэгтэй, эрэгтэйгүй яаж ингэж түргэн өөрчлөгдөө вэ?” гэцгээж байна. Гэхдээ хүний мөс, чанар нь уруудсан, доройтсон гэнэ. Үнэн ч байх... Хүн хөгжиж (сайжирч) байж л нийгэм хөгжинө (сайжирна). Хүмүүс нь хүмүүнлэг, энэрэнгүй болж байж л нийгэм нь бүхэлдээ хүмүүнлэг, энэрэнгүй болно. Хүмүүнлэг, энэрэнгүй, иргэний нийгэм л зөв нийгэм, сайн нийгэм юм. 1992 оны үндсэн хуулиар ийм л зорилго өмнөө тавьж монголчууд бид ирээдүйгээ тодорхойлсон билээ. 

Социалист үзэл суртлын нэгэн гол шинж нь хүмүүнлэг, энэрэнгүйг дээдэлдэг, аливаа мөлжлөгийг эсэргүүцдэг чанар, ёс юм. 1990 он хүртэлх нийгмийн бүхий л харилцаа (эдийн засгийн, улстөрийн, оюун санааны, хүмүүжлийн, ёс суртахууны г.м) тийм шинжтэй, хүмүүс ч тийм харилцааны бүтээгдэхүүн болж төлөвшдөг байлаа.

Гэтэл 1990 оноос хойш нийгмийн нөхцөл, хүмүүсийн орчин, хүнийг үнэлэх үзүүлэлтүүд, хүний өмч, хөрөнгийн хэмжээ, чанар гээд бүгд өөрчлөгдлөө, мөнгө л бүхнийг шийддэг болов. Эрүүлийг хамгаалах үйлс, соён гэгээрүүлэх үйлс 1990 оноос өмнө буяны үйлс байсан бол одоо ашгийн төлөө бизнес болж хувирлаа. Өвдсөн, шаналсан хүнд бурхан болон эмч л тусална гэдэг байсан бол одоо мөнгөгүй л бол бурхан ч, эмч ч тус болохгүй гэгдэх болов. Мөнгөгүй хүнд лам нар ч туслахгүй байгаа бололтой.
Би саяхан нутгийн нэгэн өвгөнөөс итгэхэд хэцүү таагүй үг сонслоо. Нийслэлийн нэгэн эмч түүнд “Мөнгөтэй бол та мөнхөр, харин мөнгөгүй бол өнхөр (үх)” гэж шууд хэлсэн гэнэ. Энэ эмч хүний амнаас гарах үг мөн үү? Юм ингэж л өөрчлөгджээ...
“Хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг” цаг үе байжээ. Харин одоо машин, утас, хувцсаар нь угтдаг, мөн үддэг болов. Хүндлэл ба үнэлгээг залуус машин, утас, хувцсандаа дулдуйдаж л олох, авах гэсэн үнэлэмж, баримжаатай, дээр нь хуурамч диплом, хулхи цол, зэрэг мэтийг цуглуулах сонирхолтой болцгоочихлоо. 

Өнгөрсөн 30 гаруй жилийн дотор үнэнийг ярьдаг, бичдэг хүний тоо ч их цөөрлөө. Үлдсэн хэд нь хорвоог орхивол үнэн үг, шударга шулуун хэллэг, бичлэг, хэвлэл, мэдээллээс бүрэн хасагдах бололтой. 

Улстөрийн намууд бүгд сайхан дүртэй хуурамч баг өмсөж, эгнээ нь худалч, хулгайч, луйварчдаар дүүрлээ. Итгэл хүлээж, дааж чадах улстөрийн хүчин одоо байгаа 30 гаруй намын дунд алга гэж хүмүүс ярих болов...

Жирийн хүмүүс, бүх улс орны ард иргэд бурхдад наад зах нь 4000 гаруй жил итгэсээр ирлээ. Мөн пролетарийн их багш нарт ч итгэсээр л байгаа. Дээр нь нэмээд Ардчилалд сэтгэл алдан сүжирсээр байна. Харин жирийн иргэд хэзээ нэг өөртөө итгэж, өөрийгөө дээдэлж, орчноо өөрийнхөөрөө өөрчлөх юм бол оо? Уул нь энэ дэлхий дээр бүтээгдсэн сайн сайхан юм бүхэн зөвхөн жирийн иргэдийн л бүтээл, тэдний л өмч, тэдний л баялаг юм шүү дээ! Өөрсдөө бүтээчихээд өрөөлд өмчлүүлдэг нь зөв, шударга гэж үү? Мөнхөд л тийм байх гэж үү?...

“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй”, “Цувж яваа барсаас цуглаж суусан шаазгай хүчтэй”, “Дээдэст зусаргүй, доодост халгүй амьдар”, “Ноёд урваач, нохой шарваач”, “Олноо түшиж бэрхийг бүтээ, олмоо чангалж бартааг туул” гэхчилэн монголчууд “Ардчиллын” жинхэнэ шинж, утга, ач холбогдлыг аль эрт дээрээс л мэдэж, дээдэлж ирсэн ард түмнүүдийн нэг нь юм шүү. Хүмүүнлэг, тусархуу, ачламтхай, зочломтхой, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байж чаддаг монголчууд Ардчиллыг дүр эсгэсэн хэлбэрээр нь биш жинхэнэ утга, шинжээр нь одоо хүсэмжлэх болчихлоо. Энэнийг дээр, дооргүй ойлгох ёстой, цаг нь ч ирчихлээ! Манай “ардчилагчид” ардчиллын нэрийг 30 гаруй жил зөвхөн л гутаалаа. Цаашдаа яах бол оо?

“Сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг” бол Ардчиллын нэрийг гуч гаруй жил худалдаж идэцгээлээ. Аав, хүү, бүр ач хүү нь ч энэ нэрийг ашиглаж эхэлсэн өрх гэр гарч ирлээ. 

Ардчиллыг өмчлөгчид ч буй болов. Ардчилсан намын тамга хэнд байна тэр хүн л энэ намын эзэн нь байх мэтээр авирлагчид, тэгж ойлгогчид ч байдаг юм байна.
Монгол хүн их өөрчлөгдлөө. Монгол хүнийг үнэлэх үнэлгээ зөвхөн өнгө, мөнгө л боллоо. Дээр дооргүй л тойроод л нэгийгээ луйвардах, залилах, хожих, монжих болов. Авлига өгөх, гар хүндрүүлэх нь зайлшгүй зүйл, бүр тухайн хүний үнэт чанар, чадвар болж яригдах болжээ. “Авлигадах чадваргүй байж бизнес эрхлэх гэчихжээ” хэмээн егөөдөхийг ч бас сонслоо. Аливаа юмс, үзэгдэл өөрчлөгдөлгүй л яахав. Гэхдээ дандаа буруу талруугаа, бохир, бусармаг шинжийг олж өөрчлөгдөх нь мөхөх, доройтохын л шинж шүү дээ...

“Одоо мэддэг, чаддаг нь биш, зөвхөн заль мэхтэй нь, хулгайлж, луйвардаж чаддаг нь л дарга, даамал болдог цаг. Цөвүүн цаг ирчихлээ” хэмээж тун сүрхий ухаантан царайлах жип унаж, алтан бөгжтэй гартаа үнэтэй хөөрөг эргэлдүүлсэн нэмэх 100 кг жинтэй эрчүүд ч хот, хөдөөгүй л байх болов. Тэдний дунд хувилгаан гэгдэх залуу ч мөн тааралдлаа... Бид сонин цаг үед амьдарч байгаа бололтой! Гэхдээ энэ бол сайхан цаг үе биш юм. Хүний мөс, чанар ингэтлээ доройтно гэж зүүдэлсэн ч үгүй явжээ.

Дурдвал зохих өөр нэгэн том өөрчлөлт бол эр эмгүй, хүүхэд хөгшидгүй илүүдэл жинтэй, хэтэрхий гэхээр таргаллаа. Илүүдэл жин бол өвчин шүү дээ!

Намайг хүүхэд байхад тарган хүн манай суманд бараг л байгаагүй. Өнөөдөр Улаанбаатарын гудамжинд биендээ тохирсон жинтэй хүн цөөхөн харагдах юм. Их тарган хүн наад зах нь л 14 төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй...
Монголын төр, засаг, яамдын удирдлага 1990 оноос өмнө яг л ард иргэдийнхээ тулгамдсан асуудлуудыг нэгдүгээрт тавьж, шийдвэрлэж байсан бол өнөөдрийнх нь (удирдлага) өөртөө ашиг олох, авлига авах боломжтой асуудлыг л эн тэргүүнд тавьж, худал сурталчилгаа хийж, аль их авлига өгөх компанийг тендерт ялуулж, төсөвт өртгийг нь хуйвалдан нэмж, хуваан идэцгээх болов. 
Их авлига авч, их унацтай болгож чадсан, зуршсан нэг ажил нь автозам болон явган хүний зам шинээр тавих, дахин давтан засах, орон сууцны барилга болоод байна. Энэ ажилдаа тэд гаршсан гэж жигтэйхэн. Автозамаас, орон сууцны барилгаас, төрөөс, нүүрсний хулгайгаас гэхчилэн нэр, хоч авсан тэрбумтнууд 30 гаруй жилийн туршид төрцгөөлөө. Нэг хэсэг нь төрж, хөрвөжөөд бүр өөрийн гэсэн бүлэглэл, шүүгч, цагдаатай ч болжээ. Эгнээнээсээ ерөнхий сайд нарыг ч төрүүлцгээлээ. Тэд нийгмийг авлигажуулж, мафижуулж, шударга бусын коридоруудыг салбар болгонд буй болгож олон олон хүнийг хэлмэгдүүлээд байна. 
“Хатуу хучилттай зам тавихад зориулж гаргасан мөнгөний 30 хувь орчим нь авлига болж дарга нарын карманд ордог” гэх үгийг ч олон сонслоо. Туул гол дагууд тавих гэж буй замын төсөвт өртөг хэн хэний халаасанд зүй бусаар орохыг хэлж өгөх үү? гэж тавлаж асуух хүн ч байна... 


Эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэтийг бүр 4-рт, 5-рт тавьж, хүүхдүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, “улныхны” аль, ямар ч асуудлыг хэрэгсэхээ бараг л больчихжээ. 
Нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн сан, боловсролын сан, нэмээд улсын төсвийг элдвээр тонох, зувчуулах, тэдгээрт хувалз адил шигдэн идэж, уухыг бараг л тэгэх ёстой мэтээр үзэх, уралдан хуваах, тасдан авцгаах болов. Элдэв албан татварыг бүр хэд дахин нэмж байж хурааж аваад, “төсвийн мөнгө ёолдоггүй” хэмээн баруун зүүнгүй бөөн бөөнөөр зарах, үрэх нь засгийн газрын үндсэн ажил шахуу болчихжээ.
Монгол орон хулгайчид, луйварчдаар дүүрлээ гэж хэлэхэд хилсдэхээргүй болов. Улсын төвлөрсөн бүх сан, фондруу хулгай оржээ. Улсын төсөврүү томчууд, нийгмийн даатгалын санруу банк, санхүүгийнхэн, эрүүл мэндийн санруу яамны нь ажилтнууд, эмнэлгүүд, эх орны ашигт малтмалын санруу бизнесменүүд болон дэлхийн хэмжээний эдийн засгийн алуурчид, дэлгүүр, автобусан дотор кармааны хулгайчид, дээр нь нэмээд элдэв зүсмийн мөнгө хүүлэгчид, хүний үнэргүй ченжүүд, мөн боловсролын систем дэх шулаачид, бензин колонкын эздүүд, бас хулгайн анчид... арай хэтэрчихсэн байгаа биз?

Ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, боловсролыг дээшлүүлэх, аж байдлыг нь өөд татах ёстой, тийм үндсэн үүрэгтэй төр, засаг маань яахлаараа ингэтлээ дампуурчихдаг байна аа? Шунах, хомхойрох, хулгайлах, луйвардах цар тахалд МАН-ын удирдлага бултаараа шахам өртөж, хүндээр өвчилжээ. Ийм дүгнэлт өөрөө, сулдаа урсан гарч, яах ч аргагүй л хэлэгдэж байна. Хэлэх нь ч зөв байх!
“Зарим гудамжинд автомашины хурд явган хүнийхээс удаан. Зарим сургууль 3 ээлжээр хичээллэдэг. Зарим цэцэрлэгт хүүхдүүд нь ангидаа багтахгүй шахам олон. Зарим барааны үнэ жилээр бус сараар, өдрөөр өсдөг. Төр засаг дэмждэг, тусалдаг биш дарамталдаг, дээрэлхдэг. Банк, санхүүгийн мөлжлөг Монголд хамгийн ширүүн, энэрэлгүй...” гэхчилэн тоочоод байвал өнгөрсөн 30 гаруй жилийн өөрчлөлтүүд бараг бүгд л сөрөг талдаа!

Ашигтай, авлига авах боломжтой ажлын байр бүхэн төлбөртэй болсон гэж ярих боллоо.


Орос, Монголын хилийн гаальд 20 жил ажилласан хүн танил талгүй, авлига өгөх боломжгүйн учир Замын-Үүдийн гаальд шилжих гэж 5 жил оролдоод чадсангүй гэж ярихыг сонслоо. “УИХ-д сонгогдох гэж зарцуулсан их мөнгөө түргэн олох гэж арга, заль гаргаад хэрэгт орлоо” гэх үг ч дууллаа.
Жирийн иргэд, дундаж боловсролтой хүмүүсийн хувьд тэд бурхан, шашинд итгэх сүсэглэх нь ихэслээ. Харин төлбөр, мөнгөнөөс нь болоод эмчид, эмнэлэгт хандах нь багаслаа. Энэ байдал нь өвчин хүндэрч, эмчилгээ авах боломжгүй болоход хүргэж байна.

Ихэнх иргэд, тэр дундаас дээд боловсролтой хүмүүс судалгаа, шинжилгээний ажлын үр дүн болсон ном, өгүүлэл унших дуртай, олон номтой номын сантай байсан бол одоо ном, өгүүлэл битгий хэл сонин, сэтгүүл ч сонирхохоо больжээ. Тэд зөвхөн утас маажих, хов жив сонирхох, худал голдуу мэдээлэлд хөтлөгдөх төдий л болцгоожээ. Үнэн мэдлэг, зөв мэдээлэлтэй, томоохондоо орох судлаачид, сэтгэгчдээ ч мэддэггүй, үнэлдэггүй болов. Тэдний туурвисан ном, бүтээл байдгийг ч олонхи нь унших нь бүү хэл сонсож дуулаачгүй байх ажээ. Хүн амын маань мэдлэг, боловсролын түвшин доройтлоо.

АНУ-ын хар массын нь дүр төрх, анархи байдал Улаанбаатарын оршин суугчид дунд болон залуу насныхны нь хувьд хуулбарлагдан ажиглагдах болов. Улстөрч болж попрох, дуучин, жүжигчин болж попрох, уяач, харваач болж попрох, юуны төлөө гэдгээ ч ухаарахгүй жагсаж, цуглаж, доргиж хөөрч попрох нь өргөжлөө. Сонирхсон зүйлдээ суралцах, тэр талын мэдлэг хуримтлуулах, жинхэнэ мэргэжлийн гэхээр түвшинд хүрч боловсрохын ач холбогдлыг залуус мэдэх, мэдрэхээ больжээ. Хаана бол хаана савангийн хөөс! Яагаад энэ билээ!

Судлаач, профессор Д.Чулуунжав
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen