Ерөнхий сайд Н.Учрал аавынхаа ЖДҮ-ийн зээлийг “ариун цагаан хөдөлмөр” гэж тайлбарлав

2017–2018 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-аас УИХ-ын нэр бүхий гишүүд болон тэдний хамаарал бүхий компаниудад 300–950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан асуудал ил болж, олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн юм.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий “Спа цогцолбор” ХХК 2017 онд “Тунгалаг” цэвэр усны үйлдвэр барих төслөөр 700 сая төгрөгийн зээл авсан. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн төрсөн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан “Сингапурхэльткейр сентр ХХК” 2018 оны наймдугаар сард 800 сая төгрөгийн зээл авсан бол УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн 80 хувь эзэмшдэг “Мондем” ХХК 2018 оны аравдугаар сард 300 сая төгрөгийн зээл авчээ.
Мөн УИХ-ын гишүүн О.Батнасаны дүү О.Ганбаатарын “Топкондитер” ХХК 2018 оны зургадугаар сард 950 сая төгрөгийн зээл авсан, УИХ-ын гишүүн Х.Болорчуулын “Дорнод гурил” ХХК мөн 950 сая төгрөгийн зээл авсан нь ил болсон.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Учралын аавын эзэмшлийн “Хүннү” ХХК 2017 онд “Чацарганы эфирийн тос гаргаж авах үндэсний үйлдвэрлэлийн төсөл”-өөр 950 сая төгрөгийн зээл авсан байдаг.
Харин энэ асуудлыг УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн сөхөж асуухад Ерөнхий сайд Н.Учрал “Би энэ сангаас зээл аваагүй. Хамгийн эхэнд тайлбарыг нь хэлж байсан. Зах зээлд шилжсэн цагаас миний аав ээж ариун цагаан хөдөлмөрөөр өнөөдрийг хүрсэн хүмүүс. Хөдөлмөрлөж хүн болдог гэдгийг амьдралаараа харуулж яваа” гэж тайлбар хийв.
Эдгээр зээлүүд нь ЖДҮХС-ийн зорилтот бүлэг болох жижиг, дунд үйлдвэрлэгчдэд бус, эрх мэдэл бүхий улс төрчдийн хамаарал бүхий компаниудад олгогдсон нь олны эгдүүцэл, эсэргүүцэлтэй тулж, тухайн үед нийт 49 орчим УИХ-ын гишүүн өөрийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан гэх мэдээлэл ил болж байв.
Энэ асуудлын улмаас тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг албан тушаалаасаа огцорч, хуулийн хариуцлага хүлээсэн байдаг.
Харин бусад холбогдсон албан тушаалтнуудын хувьд өнөөдөр ч хэвийн ажиллаж, зарим нь бүр төрийн өндөр албан тушаалд дэвшин ажиллаж байгаа нь хариуцлагын тогтолцоо хангалтгүй байгааг илтгэх нэг жишээ болж байна.
www.BOLOD.mn