Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу
Туулын хурдны замыг барих санаачилга анх 2013 онд Э.Бат-үүлыг хотын дарга байх үед гарч, 2014 онд анхны зураг төслийг боловсруулж царцсан. Одоогийн хотын дарга Х.Нямбаатар 2025-2028 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх авто зам, дулааны цахилгаан станц, метро, трамвай, дүүжин замын тээвэр зэрэг нийтийн тээврийг төрөлжүүлэх зэргээр хотын тулгамдсан асуудал түгжрэлээс салах шийдвэрийг танилцуулж, шуурхай төслүүдээ хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Өмнө нь нийслэл гэлтгүй улсын хэмжээнд ч агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах төслүүд цаасан дээр хэрэгжиж ирсэн. Ажил хэрэг болсон ч тоотой хэд. Улаанбаатар агаарын бохирдол, түгжрэлээрээ дэлхийд толгой цохиж, үүнийгээ дагаж иргэдийн амьдралын чанар унасан.
Ядарсан, сандарсан, цаг нартай уралдсан, түгжрэлд гацсан 1.7 сая гаруй иргэн Улаанбаатар хотод амьдардаг. Өнөөдөр Улаанбаатар хотод 800 мянган тээврийн хэрэгсэл хоногт дунджаар 1.8 сая зорчилт хийж байгаа хэдий ч нийт авто замын урт хүрэлцээгүй хэвээр. 2024, 2025 онуудад Улаанбаатар хот 233 км авто замыг шинэчилж дуусгасан. Гэтэл хотын нийт авто замын урт ердөө 1100 гаруй км. 2024 оноос өмнөх жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд 10, 20, 30 км авто замуудыг шинэчилдэг байв.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад дорвитой өөрчлөлт хэрэгтэй. Шинээр авто зам барихаас өөр ямар ч сонголт байхгүй гэдэгтээ бүгд санал нэгддэг.
Саяхан хотын дарга асан Э.Бат-Үүл “Монгол Улсад хамгийн их ажлын ачаалалтай байдаг хүн нийслэлийн Засаг дарга. Өөр хэн ч ийм их ачаалалтай ажилладаггүй. Х.Нямбаатар 2016 оноос хойш зогсоосон олон ажлыг явуулах гэж зүтгэж байна.
Туулын хурдны зам, метро, ТЭЦ-5 гээд төслүүд байна л даа. Туулын хурдны замыг бол барихаас өөр арга байхгүй. Энэ чинь аль 2013 онд батлагдчихсан хотын баруун талд Биокомбинат, Шувуун фабрик, Нисэх, зүүн талд Налайх, Хонхор, Багахангайг хамарсан хоёр том дагуул хотыг холбох зориулалттай авто зам. Энэ хэсэгт нийт 50 гаруй мянган хүн амьдарч байна” гэдгийг хэлсэн. Яармагийг ТЭЦ-4 рүү холбосон Наадамчдын зам, Толгойт, Содон хорооллыг холбосон авто зам, Зайсангийн гүүр, Таван шарын нүхэн гарц гээд 2024-2025 онд нийслэлээс барьсан төслүүдийг эс тооцвол Улаанбаатар хотод “Уулын зам”-ыг барьснаас хойш шинээр томоохон авто зам барьж байгаагүй. 2024 оноос Туулын хурдны зам, Шинэ тойрог зам гэсэн төслүүд яригдаж эхэлсэн. Төслүүд боловсорч гүйцэж, гүйцэтгэгч, санхүүжилт нь шийдэгдэж, ажил нь эхлэхтэй зэрэгцэн нэлээдгүй эсэргүүцэлтэй нүүр тулж байна.
Хотын дарга Н.Нямбаатарын хувьд Туулын хурдны зам түгжрэлийг дунджаар 30 хувь бууруулах маш их ач холбогдолтой төсөл. Тойрог замтайгаа нийлбэл Улаанбаатар хотын түгжрэл 50 хувиар буурна. Эдгээр төслийг эсэргүүцэж байгаа хүмүүс бүгд л ашиг сонирхолтой, түгжрэлийг үнэхээр бууруулчих вий гэдгээс айж байгаа” хэмээн хэлж байв.
Улаанбаатар хот түгжрэлээс салах уу эсвэл дахин 10, 20, 30 жил түгжрэлтэйгээ үлдэх үү гэдэг нь бидний сонголт. Дэлхийн банк судлахдаа “Улаанбаатар хот энэ чигээрээ 2050 он хүртэл түгжрэлийг бууруулах ямар ч арга хэмжээ авахгүй бол “0” зогсолтод хүрнэ. Хүн машинаас хурдан алхана” гэсэн хатуу ч гэсэн үнэнийг судлаад тогтоочихжээ. Бүр Улаанбаатар хот сүүлийн 5 жилд түгжрэлээс үүдсэн алдагдсан боломжийн өртөгт 8.5 тэрбум ам.долларыг алдсан гэдэг. Түгжрэл иргэдийн ажлын бүтээмж, эдийн засгийн нөхцөл, амьдрах орчин, сэтгэлзүй, эрүүл байх, гэр бүлтэйгээ аз жаргалтай цагийг өнгөрөөх, өөртөө цаг зарцуулах гээд маш их боломжийг хулгайлдаг. Бидний аз жаргалын дайсан бол түгжрэл. Авто зам барихгүйгээр түгжрэлээс хэрхэн салах нь дахин 20-30 жил үргэлжилсээр л байх уу.