Утаа ард үлдсэн ч агаар “өвчилсөөр” байна

Хүйтний улирал ард үлдэж, урин дулаан цаг айсуй. Гэвч уур амьсгал дулаарсан ч хотын өнгө төрх сайжирсангүй. Харин ч эсрэгээрээ нийслэлийн гудамж, зам талбай, барилга байгууламж орчмоор тоос шороо босож, орчны бохирдол илт нэмэгдсэн нь анзаарагдана. Хүмүүсийн ил задгай хаясан хог хаягдал, шүлс нус, асгасан угаадас, бохир ус гэсэж, эвгүй үнэр хамар цоргино.Цас хайлж, хөрс ил гарахтай зэрэгцэн салхи ширүүсдэг нь хаврын улиралд тоосжилтыг улам нэмэгдүүлдэг гол хүчин зүйл. Үүнд нийслэлийн зам, талбайн нөхцөл байдал, барилгын идэвхтэй ажил, шороон замын тархалт нөлөөлдөг байна. Үүний улмаас агаарт хүний биед хортой нарийн ширхэгт тоосонцор их хэмжээгээр дэгдэж, амьсгалын замын өвчлөл нэмэгдэх эрсдэл үүсдэг.
Байгаль орчны салбарын судлаачдын мэдээлснээр хаврын улиралд Улаанбаатар хотын агаарт агуулагдах PM10, PM2.5 буюу маш нарийн ширхэгтэй тоосонцрын хэмжээ зарим өдрүүдэд агаарын чанарын стандарт хэмжээнээс хэд дахин давдаг байна. Ялангуяа автомашины хөдөлгөөн ихтэй хотын төвийн хэсгүүд, шороон зам давамгайлсан гэр хорооллын бүсүүд тоосжилтын голомт болдог.
Нийслэлийн хэмжээнд зам, талбайг угаах, чийгшүүлэх ажил тогтмол хийгддэг ч хуурайшилт ихтэй, салхи ширүүссэн өдрүүдэд тоосжилт богино хугацаанд дахин нэмэгддэг. PM2.5 тоосонцор нь маш жижиг хэмжээтэй тул хүний амьсгалын замаар дамжин уушгинд нэвтэрч, цаашлаад цусанд хүртэл орох чадвартай нь эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг.

Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд арьсны харшил, нүдний салстын үрэвсэл, уушги болон гуурсан хоолойн өвчлөл, багтраа, харшлын гаралтай хамрын үрэвсэл, ханиад томуу, гэдэсний халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байдаг. Эдгээр өвчлөл нь ялангуяа хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй иргэдэд илүү хүндээр тусдаг.
Харшил судлалын эмч нарын хэлж буйгаар хаврын улиралд эмнэлэгт хандах иргэдийн тоо эрс нэмэгддэг. Учир нь салхи ширүүсэж, хөрсний тоос агаарт их хэмжээгээр дэгдэхийн хэрээр нүд улайх, хамар битүүрэх, байнга найтаах, амьсгал давчдах зэрэг харшлын шинж тэмдэг ихэсдэг байна. Энэ нь зөвхөн амьсгалын замаар хязгаарлагдахгүй, нүд, арьсны өвчлөл дагалддаг аж.
Тоосжилт нь зөвхөн цаг уурын хүчин зүйл бус, хот төлөвлөлттэй шууд холбоотой асуудал. Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын жишгээс хэд дахин бага байгаа нь тоосжилт нэмэгдэхэд нөлөөлдөг. Мод, зүлэг зэрэг ногоон байгууламж нь хөрсний элэгдлийг багасгаж, агаарт дэгдэх тоосонцрыг шүүх чухал үүрэгтэй.

Тиймээс иргэд салхи ихтэй үед амны хаалт зүүх, нүдний шил хэрэглэх, шаардлагагүй бол гадаа удаан явахгүй байх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэхийг эмч нар зөвлөж байна. Мөн бага насны хүүхдийг тоосжилт өндөртэй үед гадаа олон цагаар тоглуулахгүй байх нь зүйтэй. Агаар сэлгэлтийг хоёр цаг тутамд хийх шаардлагатайг ч сануулж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээлснээр хавар, өвлийн улиралд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо нэмэгддэг. Судалгаагаар хүмүүс амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг тул дотоод орчны агаарын бохирдол ч мөн анхаарах асуудал юм. Байрны барилгын материал, цэвэрлэгээнд хэрэглэж буй химийн бодис, лаа, хүж, арц зэргийг удаан хугацаанд асаах нь дотоод орчны агаарыг бохирдуулах сөрөг нөлөөтэй.
Хаврын улиралд цас хайлж үүсдэг шар усны үер нийслэл болон зарим суурин газарт орчны бохирдлыг нэмэгдүүлж байна. Ялангуяа гэр хороолол ихтэй бүсүүдэд шар усны урсгал бохир ус, хог хаягдлыг түрж, хөрс болон орчны эрүүл ахуйд сөргөөр нөлөөлдөг.
Улаанбаатар хотын зарим хороололд цас, мөсний ус айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооног, ил задгай хогийн цэгүүдээр дамжин урсаж, халдварт өвчин тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Шар усанд ахуйн хог хаягдал, мал, амьтны сэг зэм холилдсоноор орчны бохирдол улам гаардаг аж.

НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний даргын үүргийг хавсран гүйцэтгэгч А.Энхжаргалын хэлснээр шар усны үерийн дараахан гэдэсний халдварт өвчин, суулгалт, арьсны үрэвсэл, харшлын өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Тиймээс иргэд шар ус ихтэй бүсээр зорчихгүй байх, хүүхдийг бохир усанд тоглуулахгүй байх, ил задгай хог хаяхгүй байхыг анхаарууллаа.
Мөн бохир ус тогтсон газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, ус зайлуулах суваг шуудууг цэвэрлэх, хог хаягдлыг цаг тухайд нь тээвэрлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Хаврын улиралд агаарын бохирдол “багассан” мэт харагдавч тоосжилт, орчны бохирдол шинэ хэлбэрээр эрчимжиж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна. Энэ нь зөвхөн цаг уурын асуудал бус, хот төлөвлөлт, ногоон байгууламж, иргэдийн хариуцлага, ариун цэврийн соёлтой холбоотой. Иймд хувь хүнээс эхлээд төр, байгууллагын түвшинд урьдчилан сэргийлэх арга хэмжээг тууштай хэрэгжүүлэх нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах гол гарц хэвээр байна.
Ч.Юмчирдулам