Дэлхийг гайхшруулсан урлаг, эх орондоо орхигдсон үнэт өв



Монголын циркийн урлагийн үндэс суурь 1941 онд анхны циркчин Ж.Раднаабазар, зөвлөлтийн мэргэжилтэн А.М.Волошин нарын хүчин чармайлтаар албан ёсоор тавигдсан түүхтэй. Гэхдээ энэ их урлагийн эхлэл үүнээс ч өмнө бүрэлдсэн байдаг. 1935 онд МХЗЭ-ийн Төв Хорооны дэргэд Уран биеийн тамирын сургууль байгуулагдаж, 1939 онд Улсын хөгжимт драмын театрт циркийн анги нээгдэн, 1940 оноос Циркийн сургууль хичээллэж эхэлсэн нь Монголд үндэсний цирк үүсэх бодит суурь болжээ.
Энэ суурин дээр хөгжсөн Монголын цирк богино хугацаанд дэлхийн тавцанд гарч, Дэлхийн залуучууд, оюутны наадам, Монте Карло, Гавана, БНАСАУ, БНХАУ, Шведэд зохион байгуулагдсан олон улсын циркийн наадмуудаас алт, мөнгө, хүрэл медаль, тусгай шагнал олноор хүртсэн юм. Дан болон хос акробат, шидэх тэнцвэр, газрын ба агаарын гимнастик, агаарын нислэг, илбэ, уран нугаралт, алиалагчийн урлаг, морьтны гайхамшиг, амьтдын тоглолт, дэлхийд цор ганц хэмээгдэж байсан сургуулилттай тэмээтэй үзүүлбэр гээд монгол циркчдийн үзүүлбэр тухайн цагтаа хаана ч давтагдашгүй байлаа. Ялангуяа уран нугаралт, хүчний үзүүлбэрээрээ Монголын цирк дэлхийн циркийн урлагт өөрийн гэсэн онцгой байр суурийг эзэлж чадсан байдаг.
Цирк бол тухайн улсын урлаг, соёлын түвшинг дэлхий дахинд тодорхойлдог нүүр царай. Нэгэн цагт Монголын цирк мандан бадарч, өдөр бүр тоглолт зохион байгуулдаг, хүүхэд залуучуудын хамгийн их зорьдог ганц үзвэрийн газар байв. Нэртэй алиалагчид, жүжигчид, сургуультай амьтадыг үзэхийн тулд гадаадын жуулчид Монголыг зорьдог байсан үе бий.


Гэтэл өнөөдөр бид өөрсдийн бий болгосон энэ их урлагийг орхигдуулж, гадаадаас хэдэн амьтан авчирч шоу хийснээ “цирк” хэмээн ойлгох боллоо. 2008 онд төрөөс “үндэсний циркийг авч явах боломжгүй” гэх үндэслэлээр Улсын циркийг хувьчилж, сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржид шилжүүлсэн нь олны анхаарлыг татсан. Хувьчлалын зорилго нь ердөө дугуй цэнхэр байшинг эзэмшүүлэх бус, их урлагийг сэвтээлгүй хадгалж, хөгжүүлэх, уран бүтээлчдийг хамгаалах явдал байсан нь тодорхой. Гэвч бодит байдал дээр циркийн урлагийн тогтолцоо доройтож, сургалт, уран бүтээл, нийгмийн баталгаа зэрэг суурь асуудлууд орхигдсоор ирсэн.
1971 оноос 2008 он хүртэл Улсын цирк найруулагч, туслах найруулагч, зураач, оёдолчин, бүжиг дэглээч, цахилгаанчин, мужаан, дархан гээд мэргэжлийн бүрэн бүрэлдэхүүнтэй, 50 гаруй уран бүтээлч тогтмол цалинтай, 80 орчим уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 гаруй толгой мал, амьтантай, хоёр ээлжээр тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг байв. Харин өнөөдөр энэ тогтолцоо бараг бүрэн сарнижээ.
Үүнээс ч илүү эмгэнэлтэй нь Монголын ганц циркийн урлагийн сургуулийн нөхцөл байдал. 1940 оноос хойш тасралтгүй 80 гаруй жил сургалтын үйл ажиллагаа явуулж ирсэн, бараг 100 жилийн настай, түүхэн дурсгалт энэ барилга 2015 онд гарсан галын дараа багш, сурагчдын өөрсдийн хандив, цалин мөнгөөрөө л дээврээ янзалсан. “Түүхэн дурсгалт барилга” хэмээн нэрлэдэг ч төрөөс бодит хамгаалалт, дорвитой засвар нэг ч удаа хийгдээгүй нь өнөөдрийн бодит үнэн юм.
Гэтэл ийм хүнд нөхцөлд ч Монголын циркийн уран бүтээлчид дэлхийн тайзнаа амжилттай явсаар байна. Тэд Европ, Ази, Америкийн олон оронд улирлын болон байнгын гэрээгээр ажиллаж, Франц, Герман, Итали, Испани, ОХУ, БНХАУ, Япон зэрэг улсад тогтмол тоглолт хийдэг. Зарим уран бүтээлч жилдээ 200–300 удаагийн тоглолтод оролцож, дэлхийн томоохон циркийн компанийн үндсэн бүрэлдэхүүнд багтан ажиллаж байна. Монгол циркчид агаарын нислэг, уран нугаралт, хүчний үзүүлбэр, хос акробатаараа дэлхийн циркийн зах зээлд хамгийн эрэлттэй уран бүтээлчдийн нэгт тооцогддог.
Түүнчлэн тэд дэлхийн циркийн урлагийн “олимп” гэгддэг Monte-Carlo International Circus Festival, Гаванагийн олон улсын циркийн фестиваль, Дэлхийн залуучууд, оюутны наадам зэрэг нэр хүндтэй тэмцээнүүдээс жил бүр шагнал хүртэж байна. 150 гаруй улсын дунд Монгол Улс циркийн урлагийн хөгжлөөр дэлхийд гуравдугаарт бичигдэж буй нь гурван сая хүн амтай улсын хувьд асар том амжилт билээ.
Гэвч энэ бүх амжилтын цаана нэг гашуун үнэн бий. Монголын циркчид гадаадад алга ташуулж, эх орондоо бэлтгэл хийх байргүй, тоглолт хийх тогтмол тайзгүй, тоглолтыг нь мөнгө төлж үзэх хүнгүй байна. Дэлхийн улс орнууд циркийн урлагаа аялал жуулчлалын нэг хэсэг болгон дэмжиж, тусгай барилга, дэд бүтцээр хангаж байхад Монгол Улсад дэлхийд үнэлэгдсэн энэ урлаг маань өнөө хэр нь ганц стандартын сургалтын байргүй хэвээр.
Үнэндээ циркчид төрөөс их мөнгө нэхээгүй. Тансаг ордон хүсээгүй. Зөвхөн аюулгүй бэлтгэл хийх орчин, тоглолт хийх тогтмол тайз, ирээдүй үеэ бэлтгэх сургалтын байр л хүссэн. Хэрэв өнөөдөр ганцхан сургалтын байр барьж өгвөл, маргааш Монгол циркчид дахин дэлхийг гайхшруулсан шинэ шинэ үзүүлбэрүүдийг бүтээнэ. Нэгэн цагт сургуультай тэмээгээрээ дэлхийг алмайруулж байсан шигээ, маргааш өөр “боломжгүй” мэт санагдах гайхамшгийг Монголын нэрээр дуудуулна.
Тиймээс иргэд бид ч бас сонголтоо хийх цаг иржээ. Гадаадын стандартчилсан шоуг биш, өөрсдийнхөө амьд, эрсдэлтэй, сэтгэл зүрх шингэсэн Монгол циркийг дэмжих хэрэгтэй. Тоглолтыг нь үзэх, тасалбарыг нь авах, олон нийтээрээ дуу хоолойгоо нэгтгэж сургалтын байртай болгохыг шаардах энэ бүхэн бол эх орныхоо соёлын дархлаанд хийж буй бодит хөрөнгө оруулалт хувь нэмэр билээ.
Монголын цирк бол өнгөрсөн үеийн дурсамж биш.Энэ бол өнөөдөр ч дэлхийг байлдан дагуулж буй амьд урлаг.Харин бид өөрсдөө дэмжихгүй бол, маргааш энэ гайхамшгийг харийн тайзнаас л харахаас өөр сонголтгүй үлдэх вий.

Ч.Юмчирдулам
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen