Шашин бол бизнес биш
Орчин цагт бөө нар олширсон ч итгэл үнэмшил хомсджээ. Үнэн ба хуурамчийн зааг бүдгэрсэн энэ үед бид “бөө гэж хэн бэ?” гэх энгийн атлаа гүн гүнзгий асуултад хариулт хайж, түүнтэй ярилцлаа.
Сайн байна уу. Яриагаа эхлэхийн өмнө өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?
За сайн байна уу? Би Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, Цэдэнпүлжингийн охин Мөнхжаргал. Одоогоор гэр бүлийн хамтаар Улаанбаатар хотод амьдарч байна. Нөхрийн хамт ажил хөдөлмөр эрхэлдэг. Хоёр охин, гурван хүүтэй, өнөр өтгөн айлын эхнэр, ээж хүн.
Та хэдэн настайдаа онгод тэнгэрээ авсан бэ? Энэ замналыг хэрхэн хүлээж авсан бол?
Удмынхаа онгод тэнгэрийг хүлээж аваад 11 дэх жилдээ явж байна. Одоо би 52 настай, анх 41 насандаа онгодоо авсан. Зарим хүн хүсээд ч болж чаддаггүй, харин зарим нь зугтаагаад ч зугтаж чаддаггүй. Заяа ирэхэд өвчин зовлон, зүүд, сэтгэлийн хямрал гээд олон шинж илэрдэг. Авах л заяатай төрсөн учраас хожуу ч гэсэн хүлээж аваад, удмынхаа гал голомтыг сахиж, тэднийхээ зам заяаг засаж явна.

Бөө мөргөл бусад шашнаас юугаараа ялгаатай вэ?
Монголчуудын хувьд шарын шашин, бөө мөргөлийг тус тусад нь эсвэл хослуулан шүтдэг уламжлалтай. Чингис хаан хүртэл бөөгийн шашинтай байсан гэдэг. Бөө мөргөлийн гол онцлог нь бөө, удган хүн өөрийн биед асар их эрчим энерги хуримтлуулж, онгод тэнгэрээ биедээ буулган, өөрийнхөөсөө өөр сүнсийг урин дууддагт оршдог.
Сүүлийн үед бөө нар олширч, хүмүүсийг эд хөрөнгөөр нь хохироох явдал ихсэж байна. Бөө хүний ёс зүй юу байх ёстой вэ?
Өвдсөн, зовсон, ухаан санаа нь самуурсан хүн болгоныг л “бөө болох нь” гэж ойлгоод энд тэндгүй онгод авахуулах явдал ихэссэн. Ингэснээр чанаргүй, бэлтгэлгүй олон бөө бий болж байна. Юу ч ойлгоогүй байж үзлэг хийнэ, ханийн тэнгэр дуудна, орлого нээнэ гэх мэтээр хүмүүсийг хуурч байна. Өөрсдөө онгодоо дуудаж чадахгүй байж, мөнгөний төлөө явж байгаа нь үйлийн үр дагуулна. Бөө хүний хамгийн том ёс зүй бол тухайн хүний айдас дээр тоглохгүй байх. Хүн зовлон дээрээ ирдэг, түүнийг ашиглаж болохгүй. Худал амлалт өгч, бүхнийг мөнгөөр хэмжих нь хамгийн том нүгэл.
Бөө хүн өөрөө их зовлон үүрч явдаг гэдэг. Энэ үнэн үү?
Орж ирсэн хүн бүрийн зовлон жаргалыг сонсоно. Болох, болохгүй бүхнийг аргалж үзнэ. Хүн бүрийн амьдралыг сайхан болгох юмсан гэж боддог. Гэхдээ хүн төрөх нь үнэн, үхэх нь бас үнэн. Энэ хоёр үнэний өмнө хэн ч юу ч хийж чадахгүй. Тиймээс хүний тал, өөрийн тал гэж ялгалгүй хүлээж авдаг.
Үзлэг, засалд өндөр үнэ тогтоодог бөө нарын талаар та юу хэлэх вэ?
Бөө, удган хүн ажил хийж байгаа учраас амьдрах эрхтэй, мөнгө хэрэгтэй. Эрт дээр үеэс л өргөл барьц гэж байсан, байх ёстой зүйл. Гэхдээ сүсэгтний өгсөн өргөлийг голох, мөнгөөр нь ялгаварлах ёсгүй. Засал хийлгэсэн ч амьдрал нь дордож байвал тэр бол хуурамч, мөнгөний төлөөх бөөтэй л таарсан хэрэг. Засал ба сүсэг бишрэл хоёр нийлж байж үр дүн гарна.
Та хийж өгөхөөс татгалзаж байсан үйл бий юу?
Байгаа. Ялангуяа эд хөрөнгийн маргаан, гэр бүл салгахтай холбоотой үйлд би татгалздаг. Зарим залуу эмэгтэйчүүд “Надад хайртай, та тэр хүнийг эхнэр хүүхдээс нь салгаж өгөөч” гэж гуйдаг. Энэ бол маш гутамшигтай. Ийм үйл хийвэл үйлийн үр нь надад ч, миний үр хүүхдэд ч ирнэ. Тиймээс би тайлбарлаад л гаргадаг. Ингэж хүний оюун санаанд нөлөөлөөд жаргалд хүрсэн хүн нэг ч байдаггүй.

Таны өмсгөл, хэрэгсэл их сонирхол татаж байна. Товчхон тайлбарлахгүй юу?
Монгол бөөгийн хэрэгсэлд хэнгэрэг, цохиур, хуур, толь, таяг, сэвэр зэрэг багтдаг. Эдгээр нь онгодын унаа, онгод тэнгэрийг баясгагч, хүний хүсэлтийг дамжуулах хэрэгсэл юм. Бөөгийн өмсгөл буюу хуяг нь бөө хүнийг элдэв муу дайрлагаас хамгаалах зориулалттай. Эрт үед бор гөрөөс, зээр, ямааны элдсэн арьсаар хийдэг байсан. Дээл нь олон хэсгээс бүрдэж, бэлгэдлийн утга агуулдаг.

Бөө, удган гэдэг ойлголтын ялгаа юу вэ?
Бөө гэдэг нь ерөнхий нэр. Харин удган гэдэг нь эмэгтэй бөөг хэлдэг.
Таны бодлоор бөө хүн нийгэмд ямар үүрэгтэй вэ?
Холбох үүрэгтэй. Өнгөрсөн ба одоо, хүн ба байгаль, дотоод сэтгэл ба бодит амьдралын хооронд. Мөн эх дэлхийгээ хайрлах, сайн мууг ялгах, үйлийн үрийн тухай ойлголтыг хүмүүст таниулах үүрэгтэй.
Эцэст нь уншигчдад хандаж юу хэлэх вэ?
Итгэх эсэх нь таны сонголт. Харин өв соёл, уламжлалаа дорд үзэлгүй, ойлгохыг хичээгээрэй. Бөө гэдэг бол айлгах биш, сануулах үүрэгтэй. Мөн мөнгөний төлөөх луйварчидтай таарснаар нь бүх бөөг нэг дор харлуулж болохгүй.
Өнөө цагт бөө гэдэг ойлголт итгэл ба эргэлзээний заагт оршиж байна. Нэг хэсэг нь түүнийг мухар сүсэг гэж үгүйсгэж, нөгөө нь сохроор шүтэж, амьдралаа даатгах болсон. Харин энэ ярилцлагаас харахад жинхэнэ бөө гэдэг нь ид шид үзүүлэгч бус, ёс зүй, хариуцлага, тэвчээр шаардсан хүнд ачаа үүрэгч аж. Айдсаар бизнес хийдэг, хүний зовлонгоор ашиг хонжоо хайдаг цөөнхийн балгаар олон зуун жилийн уламжлалт ойлголтыг харлуулах ёсгүй. Итгэх эсэх нь хувь хүний сонголт боловч, ойлгож ялгах ухаан өнөөдөр бидэнд илүүтэй хэрэгтэй болжээ.
Ч.Юмчирдулам