Д.Тогтохсүрэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүллээ
УИХ-ын гишүүн асан, Эрдэнэс критикал минералс ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнд холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газарын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж дуусган, 35 хавтас, 8319 хуудас бүхий материалыг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтаар үндэслэлгүй хөрөнгөжсөн, бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан хэрэгт яллагдагчаар татсан байна. Мөрдөн шалгалтаар түүнийг 2016 онд улс төрд нөлөө бүхий этгээд байх хугацаандаа үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хөнгөлөлттэй үнээр их хэмжээний үл хөдлөх авсан, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажиллахдаа хууль бус үүрэг чиглэл өгч БНХАУ-ын компанид эдийн засгийн давуу байдал олгосон, мөн 100 сая төгрөгийн хахууль авсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 250 сая төгрөгийн хахуулийн мөнгийг хураан авч, 1.8 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд 74 хүний мэдүүлэг, баримт, банкны дансны хуулгад үндэслэн шалгалтыг явуулжээ.
Ч.Юмчирдулам