Б.Насантогтохын 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, гурван тээврийн хэрэгслийг битүүмжилжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтоход холбогдох хэргийг шалгаж дуусган, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэхээр болсон байна.
Түүнийг Эрчим хүчний яаманд ажиллаж байхдаа журам зөрчин аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож, хариуд нь 281 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 100 сая төгрөг, 30 мянган ам.долларын хахууль авсан, мөн хөрөнгө орлого нь 3.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзжээ.
Мөрдөн шалгалтаар 6.9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 17 үл хөдлөх хөрөнгө, 635.7 сая төгрөгийн үнэлгээтэй 3 тээврийн хэрэгслийг битүүмжилж, нийт 3.7 тэрбум төгрөгийн үндэслэлгүй хөрөнгөжилт бүхий 10 үйлдлийг тогтоосон байна. Мөн уг хэрэгт 7 хүн, 1 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгажээ.