Австралийн армийг анх удаа эмэгтэй хүн командлана
КАНБЕРРА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Reuters/. Австралийн зэвсэгт хүчний удирдлагад хийгдэж буй өөрчлөлтийн хүрээнд Нэгдсэн хүчний одоогийн дарга, дэслэгч генерал Сьюзан Койл энэ оны долоодугаар сараас эхлэн Хуурай замын цэргийн командлагчаар томилогджээ. Өдгөө 55 настай Сьюзан Койл дэслэгч генерал Саймон Стюартын халааг авснаар Австралийн зэвсэгт хүчний удирдсан түүхэн дэх анхны эмэгтэй болно.
"Ирэх долоодугаар сараас эхлэн Австралийн армийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн штабын даргын албыг хашина" гэж тус улсын Ерөнхий сайд Энтони Албаниз мэдэгдэлдээ дурдсан байна.
Австралийн зэвсэгт хүчин эгнээндээ эмэгтэй офицеруудын тоог нэмэгдүүлэхийг зорьж буй үед Койлыг томиллоо. Тус улсын арми сүүлийн үед системчилсэн бэлгийн дарамт үзүүлдэг, ялгаварлан гадуурхдаг гэсэн асуудлуудад холбогдоод байгаа юм.
"Сьюзаны амжилт бол өнөөдөр Австралийн батлан хамгаалах хүчинд алба хааж буй эмэгтэйчүүд болон ирээдүйд тус хүчинд элсэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдийн хувьд чухал ач холбогдолтой" гэж Э.Албаниз хэлжээ.
Одоогийн байдлаар Австралийн Батлан хамгаалах хүчний (ADF) бие бүрэлдэхүүний 21 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд удирдах албан тушаалтнуудын 18.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Улмаар 2030 он гэхэд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 25-д хүргэхээр төлөвлөсөн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг