Байгальд ээлтэй буян


Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр хүний эцсийн замналыг үдэх соёл ч үл анзаарагдам боловч тогтвортойгоор шинэчлэгдэж буйг энэ удаагийн сурвалжлага тодхон харууллаа. Хотын захад байрлах буяны төвийг зорин очиход “оршуулга” гэх ойлголттой хамт төсөөлөгддөг хүнд, дарамттай уур амьсгал бус, харин цэвэрхэн, нам гүм, зохион байгуулалттай орчин угтсан нь анхны сэтгэгдэл байв. Энэ орчин өөрөө оршуулгын соёл өөрчлөгдсөний илрэл мэт санагдана.
Хашаагаар ормогц нэгэн жигд хувцсаар ижилссэн хамт олон ирсэн хүмүүсийг чимээгүйхэн ёслон угтаж, бурхан болоочийн ар гэрийг алгуур чиглүүлж байлаа. Уй гашууг нь улам гүнзгийрүүлэх бус, харин хүндэтгэлтэйгээр хуваалцаж, эцсийн замыг тайван, соёлтой үдэхэд анхаарч буй нь анзаарагдана. Үүдээр орсон цагаас эхлэн бурхан болоочийн зургийг барьж яваа хүнтэй зөрөх бүрд ажилтан болгон бөхийн хүндэтгэл үзүүлж байгаа нь энэ орчны дотоод дэг журам ямар нарийн зохион байгуулалттайг илтгэнэ.
Тухайн байгууллага бурхан болоочийн биеийг бэлтгэхээс эхлээд тээвэрлэлт, ёс заншлын дагуу ламын хэлсэн өнгийн торго, даавуугаар өлгийдөх, шаардлагатай тохиолдолд нүүр засах хүртэл иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг байна. Энэ бүхний дундаас хамгийн онцгой санагдсан зүйл нь байнгын арчилгаа тордолгоотой 24 цагийн харуул хамгаалалттай цэвэр, тохилог орчинд, хүссэн үедээ бурхан болоочийнхоо газрыг эргэх боломж байв. Эртнээс монголчууд “эцгийн газар таван жил, эхийн газар гурван жил очдоггүй” гэх цээрийг баримталж ирсэн бол чандарласнаар энэ цээр тайлагдаж, ар гэрийнхэн үнсийг нь чулуун хана, суварга, модны үндэс зэргээс сонгосон шүтээн болгон залж болдог болжээ.


Ийм өөрчлөлт нь нийгмийн томоохон шилжилтийн нэг хэсэг юм. Шашны эрх чөлөө хязгаарлагдаж байсан олон жилийн турш монголчууд нас барагсдыг зөвхөн газар шороонд оршуулахыг “зөв” хэмээн ойлгож ирсэн. Харин өнөөдөр хотын хүн амын огцом өсөлт, оршуулгын газрын хүрэлцээ, байгаль орчны эрсдэл нэмэгдэхийн хэрээр чандарлах ёс бодит хэрэгцээ болон гарч иржээ. Гэсэн ч үүнийг гаднын нөлөө, танихгүй урсгал мэтээр хүлээн авах хандлага зарим иргэдийн дунд одоо ч ажиглагддаг.
Монгол Улсад буяны иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг байгууллага цөөн. “Улаанбаатар буян”, “Нью Семетри”, “Суварга буян”, “Сувд буян”, “Дөл буян” зэрэг байгууллагаас өнөөдөр чандарлах үйлчилгээ үзүүлж буй нь “Улаанбаатар буян” болон “Дөл буян” юм. Тэдгээрээс “Улаанбаатар буян” ХХК 2004 оноос эхлэн дэлхийн стандартад нийцсэн техник, технологи ашиглан чандарлах зан үйлийг орчин цагт нутагшуулжээ. Тус байгууллагын ажилтнуудын хэлснээр, том хотын нөхцөлд энэ нь зайлшгүй шаардлага болжээ.
Өнгөрсөн түүхийг эргэн харвал, 1950-иад он хүртэл Улаанбаатар хот орчмын нас барагсдыг ил задгай оршуулж байсан нь амьтдад идэш болох, халдварт өвчин тархах, иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх зэрэг олон асуудал дагуулж байв. Өнөөдөр ч нийслэлийн эргэн тойронд 20 гаруй оршуулгын газар оршсоор байгаа бөгөөд тэдгээрийн ихэнх нь ногоон бүс, айл өрхийн ойролцоо байрладаг. Энэ нь эрүүл ахуй, сэтгэл зүйн ноцтой эрсдэлийг хэвээр хадгалж буйг оршин суугчдын яриа нотолно. “Ноход хүний гавлын яс зууж ирдэг”, “хүүхэд залуус ил задгай шарил хардаг” гэх дүр зураг одоо ч хааяа давтагдсаар байгаа аж.


Нас баралтын шалтгаанд гарч буй өөрчлөлт ч чандарлах ёсны ач холбогдлыг улам тодруулж байна. Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр жилд дунджаар 17 мянга орчим хүн нас бардаг бөгөөд тэдний 50–60 хувь нь халдварт өвчин, хорт хавдрын шалтгаантай. Шарилын задралын явцад 20 орчим төрлийн хорт хий ялгарч, боомын савханцар 30 жил, сүрьеэгийн савханцар 30–40 жил, тарваган тахлын нян бүр илүү удаан хугацаанд хөрсөнд амьдрах чадвартай байдаг нь хөрс, агаарын бохирдлын эрсдэлийг олон арван жилээр нэмэгдүүлдэг.
Ийм нөхцөлд чандарлах ёс нь эрүүл мэнд, байгаль орчин, хот төлөвлөлтийн хувьд илүү оновчтой шийдэл болж байна. Нэг хүнийг чандарласнаар 12 м.кв газрыг хэмнэхийн зэрэгцээ халдварт нян хөрсөнд үлдэх эрсдэлийг бүрэн арилгана. Үүн дээр эко оршуулгын цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь ар гэрийнхэнд сэтгэл зүйн тайвшрал өгдөг аж. Чандарлах зүүн буяны төв цогцолборт очиход хамгаалалт сайтай, цэвэр орчинд хүссэн үедээ чөлөөтэй ирэх боломжтой нь энэ үйлчилгээний давуу талыг илтгэнэ. Иргэн Ц “Хэзээ ч хорио цээргүйгээр ирж болдог, цэвэр орчин нь сэтгэлд амар” хэмээн ярьсан нь үүнийг батална.
Зарим иргэд чандарлах ёсыг гаднын шашны гаж урсгал хэмээн эндүүрдэг ч түүхэн сурвалжууд үүнийг няцаадаг. Түрэг, уйгар, дундад зууны монголчууд чандарлах ёсыг өргөн хэрэглэж байжээ. Судлаач Д.Баярын тэмдэглэснээр түрэгүүд нас барагсдаа эдлэл хэрэглэлтэй нь хамт шатааж оршуулдаг байсан бол Рубрук уйгарууд үнсийг нь суварганы оройд хадгалдаг тухай бичсэн байдаг. Эрдэнэзуу хийдэд өнөөдөр ч хадгалагдаж буй Автай сайн хаан, Түшээт хан Гомбодорж нарын бунхан нь язгууртнуудыг чандарлан оршуулдаг уламжлал байсны тод жишээ юм.
Өнөөдөр чандарлах үйлчилгээний үнэ сонголтоос хамааран “Улаанбаатар буян”-д 1.65 сая төгрөгөөс, “Дөл буян”-д 4.3 сая төгрөгөөс эхэлж байна. Ийм үйлчилгээ үзүүлэгч байгууллагын тоо нэмэгдэх нь үнийн уян хатан байдал бий болгохын зэрэгцээ иргэдийн мэдлэг, ойлголтыг тэлж, орчин үеийн, аюулгүй оршуулгын соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.
Дэлхийн олон оронд чандарлах хувь огцом өсөж, байгальд ээлтэй шинэ шийдлүүд хүний шарилыг бордоо болгон мод тарих зэрэг бодлогууд хүртэл хуулиар зөвшөөрөгдөж эхэлсэн нь оршуулгын салбарын өөрчлөлт дэлхий нийтийн чиг хандлага болсныг харуулна.
Хүн бүрийн эцсийн замнал хүндэтгэлтэй, тайван орчинд өрнөх учиртай. Чандарлах зан үйл нь уламжлал, орчин үеийн шаардлага хоёрыг эвлүүлэн, бурхан болоочийг цэвэр, амгалан орчинд үдэх боломжийг нээж байна. Хотын ачаалал, газрын хомсдол, байгаль орчны эрсдэл нэмэгдэж буй энэ үед чандарлах ёс нь монголчуудын сэтгэлгээ, соёл, бодит хэрэгцээнд хамгийн ойрхон шийдэл болж чаджээ. Энэ бол өнгөрснийг хүндэтгэж, ирээдүйг хамгаалах байгальд ээлтэй буян юм.

Ч.Юмчирдулам
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen