Гадаадын 277 иргэнийг албадан нутаг буцаалаа

Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны нэгдүгээр улиралд төлөвлөгөөт 15, төлөвлөгөөт бус 43 удаагийн хяналт шалгалт зохион байгуулж, 200 аж ахуйн нэгж, байгууллагын 1579 гадаадын иргэнийг хамруулжээ.
Хяналт шалгалтаар зөрчил гаргасан 3002 гадаадын иргэн, 843 уригч байгууллага, 12 уригч иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, 11 аж ахуйн нэгж, байгууллагад албан шаардлага хүргүүлсэн байна.
Мөн оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан ч Монгол Улсаас гарахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг зөрчлийн үндэслэлээр нийт 277 гадаадын иргэнийг албадан гаргалаа.
Албаны мэдээллээр, дээрх тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад төлөвлөгөөт хяналт шалгалт 25 хувиар өсөж, төлөвлөгөөт бус хяналт шалгалт 20.37 хувиар буурсан бол зөрчил гаргасан гадаадын иргэдийн тоо 6.83 хувиар, албадан гаргасан иргэдийн тоо 28.84 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Түүнчлэн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй, Монгол Улсад байх болон буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан зэрэг үндэслэлээр 16 улсын 235 гадаадын иргэнийг улсын хилээр нэвтрүүлэлгүй буцаасан байна.
Ч.Юмчирдулам