2040 он гэхэд 33 улс усны хомсдолд орно


АНКАРА, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /Anadolu/. 
Хүн амын өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, хэрэглээний өсөлтийн улмаас усны нөөц шавхагдсанаар усны аюулгүй байдал нь дэлхий нийтийн өмнө тулгарах гол сорилтуудын нэг болно гэж Дэлхийн нөөцийн хүрээлэн (WRI) мэдээлжээ. Тус байгууллагын урьдчилан таамаглаж байгаагаар 2040 он гэхэд Турк зэрэг дэлхийн 33 улс "усны маш өндөр стресс"-ийн бүсэд орох төлөвтэй байна.

167 улсыг хамруулан хийсэн судалгаагаар хүн амын өсөлт, хотжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усны нөөц эрчимтэй хомсодсоор байгааг тус байгууллага анхааруулжээ. 

Ялангуяа Ойрх Дорнодод энэ асуудал маш хурц байгаа бөгөөд тус бүс нутаг усны аюулгүй байдлын үзүүлэлт хамгийн багатай бүсүүдийн нэгд тооцогддог. Бүс нутгийн олон улс орон гүний ус болон далайн усыг давсгүйжүүлэх өндөр өртөгтэй технологиос хамааралтай байдаг. Ийм байгууламжууд цэргийн мөргөлдөөний явцад эвдэрч сүйдсэн тохиолдолд сая сая хүн ундны усгүй болох эрсдэлтэй.

Саяхан Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэхдээ, ирээдүйд улс орнуудын хоорондох мөргөлдөөн газрын тосноос бус усны нөөцөөс болж үүсэж болзошгүйг анхааруулаад, усны стратегийн ач холбогдлыг онцолжээ. 

Усны хямрал нь байгаль орчны асуудлаас хальж, эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, эрчим хүч болон шилжилт хөдөлгөөнд шууд нөлөөлж байгааг мэдэгджээ. Одоогийн байдлаар дэлхийн хүн амын тал орчим хувь нь жилд дор хаяж нэг сарын турш усны хомсдолд орж байна. ЮНЕСКО-гийн мэдээлснээр, 2 тэрбум гаруй хүн аюулгүй цэвэр ундны усны эх үүсвэргүй байгаа бол 3 тэрбум гаруй хүн ариун цэвэр-эрүүл ахуйн үндсэн үйлчилгээг авч чадахгүй байна. Усны нөөцийг үр ашигтай зарцуулахад чиглэсэн тогтвортой шийдлүүдийг олохгүй бол нөхцөл байдал улам дордож, дэлхийн олон бүс нутагт нийгэм, эдийн засгийн байдлыг улам тогтворгүй болгоно гэж мэргэжилтнүүд анхааруулжээ. 


Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen