Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Могол ноос” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Могол ноос ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг тус компани нь 1995 оноос ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэл эрхэлж, өнөөдөр жилд 5,000 тн ноос, ноолуур угаах, 150–200 тн самнах, 150–300 тн ээрмэл утас, 30,000–50,000 ширхэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдийг ашиглалтад оруулаад байна. Мөн ээрсэн утсаараа нэхмэл даавуу, сүлжмэл бүтээгдэхүүнийг бусад үйлдвэртэй кластераар хамтран үйлдвэрлэж буйг танилцууллаа.
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд компанид 11.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор түүхий эд, тоног төхөөрөмжөө шинэчилж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэн шинэ ажлын байр бий болгожээ. Өнгөрсөн онд ээрэх, оёдлын үйлдвэртээ 10–14 нэр төрлийн шинэ тоног төхөөрөмж суурилуулсан тухай компанийн гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбат мэдээлэв.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөр нь ноос, ноолуур, арьс, шир, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд бодит дэмжлэг болж, малчдын орлого, амьжиргааг сайжруулахад чухал нөлөө үзүүлж байгааг компанийн удирдлага болон салбарын мэргэжлийн холбоод онцоллоо. Цаашид хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэх, аж ахуйн нэгжүүдийг төрийн худалдан авалтаар дэмжих, инженер, технологийн мэргэжилтнийг төрийн тэтгэлэгт хамруулах, мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарахыг хүсэв.
Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, ажлын байр бий болгож, татвараа төлж буй баялаг бүтээгчдэд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 103 аж ахуйн нэгжид 508 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Үүний үр дүнд ноолуурын үйлдвэрүүдийн ээрэх хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 20,000 тн болж, самнасан ноолуурын экспорт 330 сая ам долларт хүрч, 2024 онтой харьцуулахад 4.7 дахин өссөн байна.
Мөн ноосон утасны ээрэх, хялгас ялгах хүчин чадал 300–500 тн, сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах хүчин чадал 200,000 м.кв, сүлжих хүчин чадал 3,000 м.кв-аар тус тус нэмэгджээ.
Энэ онд 350 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны 9 банкаар дамжуулан олгохоор төлөвлөснийг Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээлэв.
Ч.Юмчирдулам