МАН: 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө шуурхай хэрэгжүүлнэ

МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал:
-МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, бүлгийн дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал, эрх баригч намын хувьд иргэдийн амжиргааг дээшлүүлэх, Монгол Улсын эдийн засгийг сайжруулах, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр төрийн бодлого тодорхойлох эрх зүйн орчин бүрдүүлэх талаар дэвшүүлсэн зорилтуудаа шуурхай хэрэгжүүлэх, 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт намын холбогдох байгууллагууд үнэлэлт дүгнэлт өгч, шийдвэрлэх ёстой тодорхой зорилт, арга хэмжээнүүдийн чиглэлүүд байгаа. Энэ бүхнийг шуурхай ажил хэрэг болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр ярилцаж, санал бодлоо илэрхийллээ.
Хоёрдугаарт, олон улсын хямрал Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа талаар хэлэлцлээ. Үүнийг хэрхэн бууруулах, бэлтгэл ажлыг хангах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонслоо.
Та бүхэн мэдэж байгаа. Шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдаад хоёр хонож байна. Тийм учраас өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд санал бодлоо танилцуулж, улмаар бүлгийн хуралдаанд танилцуулснаар ирэх Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанд төлөвлөгөөгөө эцэслэх юм. Улмаар асуудлыг УИХ-д өргөн барих бодлогын чиглэлтэйгээр энэ асуудлыг хэлэлцлээ гэв.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын танилцуулсан Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэлд, Эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өссөн ч, үүний 3.2 нэгж хувь нь ХАА, Оюутолгойн баяжмал дахь агууламж болон биет хэмжээний өөрчлөлтөөс, бусад салбар, үйл ажиллагааны өсөлт 3.6 хувь буюу эдийн засгийн потенциалаас бага байгааг дурджээ. Өрхийн бодит орлогын өсөлт улсын хэмжээнд 5.0 хувь болж нэмэгдсэн бол Улаанбаатар хотод 2.2 хувь болж буурчээ. Тэтгэвэр, тэтгэмж бодит дүнгээр 3.2 хувиар буурч, цалингийн орлогын өсөлт саарч байгааг салбарын сайд хэллээ. Экспортын орлого 2026 оны эхний улиралд 4.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 60 хувиар өндөр байна. Голлох бүтээгдэхүүний экспортын орлого өсөлттэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны идэвх тогтвортой сайн байна. Биржийн арилжааны идэвх 2025 оны эхний хагаст унаж, сард 0.5 сая тонн хүрэхгүй хэмжээний нүүрсний гэрээ хийж байсан бол, сүүлийн гурван улиралд сард дунджаар 2.7 сая тонн нүүрсний шинэ гэрээ хийсэн байна. Нүүрсний арилжааны биелсэн үнэ нь анх дуудсан үнээс сүүлийн саруудад 36 хүртэл хувийн өсөлттэй байна. Ялангуяа гуравдугаар сар ддуудлага худалдааны үеийн үнийн өсөлт илүү өндөр байгааг мэдээлэлд онцлов.