GS25-ийн ажилтныг хутгалж, алахыг завдсан хэрэгт холбогдогчийн шүүх хурал 12 дугаар сарын 1-нд болно

Баянгол дүүргийн 33 дугаар хороонд байрлах GS25 сүлжээ дэлгүүрийн ажилтныг ажлын байранд нь хутгалж, алахыг завдсан гэх хэрэгт шүүгдэгч Б.Б-д холбогдуулан дөрвөн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Уг хэрэг энэ оны наймдугаар сард бүртгэгдсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Б.Б нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ бусдын биед зэвсгийн чанартай зүйл ашиглан халдаж, хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон байна.
Баянгол дүүргийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 10.1, 11.6, 13.5, 23.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, заналхийлэх, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уг хэргийн шүүх хуралдааныг 2026 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 13:30 цагт товлосон байна.