Гадаадын тагнуулын байгууллагад төрийн нууц дамжуулсан Хятадын албан тушаалтанд цаазын ял оноожээ
БНХАУ-ын төрийн байгууллагад ажиллаж байсан албан тушаалтныг гадаадын тагнуулын байгууллагад улсын нууц мэдээлэл дамжуулсан хэрэгт буруутган цаазаар авах ял оноосон талаар тус улсын төрийн нууц хамгаалах байгууллагатай холбоотой хэвлэл мэдээлжээ.
Тодруулбал, Хятадын Үндэсний нууц хамгаалах газрын харьяа Жинчэн хэвлэлийн газраас эрхлэн явуулдаг Baomiguan хэмээх албан ёсны WeChat хуудсанд энэ талаар арваннэгдүгээр сарын 23-нд мэдээлсэн байна.
Хэрэгт холбогдсон этгээдийг зөвхөн Ма овогтой гэж мэдээлсэн бөгөөд тэрбээр гадаад улсад томилолтоор ажиллаж байхдаа тухайн улсын тагнуулын байгууллагын ажилтантай танилцаж, улмаар хамтран ажиллах санал хүлээн авсан аж.
Тагнуулын ажилтан эхлээд хятад хэл сурах сонирхолтой хүн болж Ма-тай ойртон танилцаж, улс төр, олон улсын харилцааны талаар асууж, мэдээлэл авдаг байжээ. Улмаар түүнийг өөр нэгэн ажилтантай танилцуулсан бөгөөд өмнө нь задруулсан мэдээллийг нь эрх баригчдад мэдэгдэнэ хэмээн сүрдүүлж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг шаардсан байна.
Үүний дараа Ма тагнуулын байгууллагатай нууцлал, үнэнч байдлын тухай заалт бүхий хамтын ажиллагааны гэрээ байгуулж, сар бүр тогтмол мөнгөн төлбөр авч эхэлжээ. Мөн мэдээлэл дамжуулах зориулалтын зөөврийн компьютер болон тусгай цахим хаяг ашиглаж байсан гэж мэдээлсэн байна.
Тэрбээр тагнуулын үйл ажиллагааныхаа төлөө нийт нэг сая гаруй юань буюу ойролцоогоор 150 мянган ам.долларын төлбөр авсан гэж мэдээлсэн байна.
Тэрбээр гадаад дахь томилолтоо дуусган Хятадад буцаж ирснийхээ дараа ч тагнуулын үйл ажиллагаагаа үргэлжлүүлжээ. Ажлынхаа хүрээнд нэвтрэх боломжтой нууц баримт бичгүүдээс мэдээлэл цуглуулж, шөнийн цагаар боловсруулан гадаадын талд дамжуулдаг байсан аж.
Хятадын талын мэдээлснээр, Ма нийт 100 гаруй удаа тагнуулын шинжтэй мэдээлэл дамжуулсан бөгөөд тэдгээрээс 35 мэдээллийг төрийн нууцад хамааруулсан байна. Үүний ес нь нууцын өндөр түвшний, 26 нь нууцын дараагийн түвшний мэдээлэл байжээ.
Тэрбээр тагнуулын үйл ажиллагааныхаа төлөө нийт нэг сая гаруй юань буюу ойролцоогоор 150 мянган ам.долларын төлбөр авсан гэж мэдээлсэн байна.
Шүүхээс Ма-г тагнуул хийсэн хэрэгт буруутай гэж үзэн цаазаар авах ял оноож, улс төрийн эрхийг нь бүх насаар нь хасаж, хувийн бүх эд хөрөнгийг нь хураах шийдвэр гаргажээ.
Гэхдээ Хятадын эрх баригчид түүний ажиллаж байсан төрийн байгууллага, мэдээлэл дамжуулсан гадаад улсын нэр, баривчлагдсан болон шүүхээр шийдвэрлүүлсэн огноог тодорхой мэдээлээгүй байна. Мөн цаазаар авах ялыг гүйцэтгэсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: Reuters