АТГ: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбатын асуудлыг мөрдөн шалгуулахаар шилжүүлжээ


Авлигатай тэмцэх газраас 2026 оны эхний 11 сарын байдлаар эрүүл мэндийн салбарын албан тушаалтнуудтай холбоотой хууль бус томилгоо, ашиг сонирхлын зөрчил, худалдан авалтын зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгажээ.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбатыг хууль бус үүрэг чиглэл өгч, мөнгө гаргуулан зарцуулсан, сонгон шалгаруулалтад нөлөөлж бусдад давуу байдал бий болгосон, тэтгэлэгт хөтөлбөрт нэр дэвшигчдийн эрхийг хязгаарласан байж болзошгүй үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 22.1, 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэн мөрдөн шалгуулахаар шилжүүлсэн байна.
Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.У-ийн хүний нөөц, томилгоо, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангуулах албан бичгийг Эрүүл мэндийн сайдад хүргүүлж байжээ.
Сануулахад, Д.Очирбат нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Удирдах зөвлөлийн даргын албан тушаалыг давхар хашиж, төсөв батлах болон худалдан авалтад хяналт тавих чиг үүргийг давхардуулан хэрэгжүүлж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэх үндэслэлээр 2026 оны дөрөвдүгээр сард Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн юм.
Эх сурвалж: АТГ
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen