Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, 300 сая ам.долларын гэрээ байгуулахыг завджээ

Тагнуулын байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын нууц тогтоол, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын албан бичиг, тамга тэмдэг, хамтын ажиллагааны гэрээг хуурамчаар үйлдэж, БНХАУ-ын хөрөнгө оруулагчдыг залилан мэхлэхийг завдсан хэргийг илрүүлэн шалгаж байна.
Тодруулбал, Монгол Улсын иргэн Б, Д нар хамтран “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон БНХАУ-ын нэр бүхий компанийн хооронд 300 сая ам.долларын үнэ бүхий уул уурхайн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулах чиглэл өгсөн гэх агуулгатай Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлджээ.
Үүгээр зогсохгүй “Эрдэнэт үйлдвэр”-ээс түүхий эд нийлүүлэх баталгаа гаргасан албан бичиг, хамтын ажиллагааны гэрээг хуурамчаар үйлдэж, үйлдвэрийн тамга болон ерөнхий захирал Г.Ёндонгийн гарын үсгийг дуурайлган ашигласан байна.
Ингэснээр төрийн өмчит үйлдвэрийн газрын нэр хүнд, Монгол Улсын эдийн засгийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах эрсдэл үүсгэжээ.
• Хэрэгт холбогдогч Б, Д нарыг албадан саатуулсан.
• Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжээр хэрэг нээн шалгаж байна.
• Мөрдөн шалгах ажиллагааг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газар үргэлжлүүлж байгаа аж.
Төрийн нууц баримт бичиг, төрийн өмчит үйлдвэрийн газрын тамга, удирдлагын гарын үсгийг хүртэл хуурамчаар үйлдэж, олон улсын хэмжээний гэрээ хэлцэл хийхийг завдсан энэ хэргийн цаана өөр ямар этгээд, сүлжээ байгаа нь анхаарал татаж байна.