“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв


Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн бахархал Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” өнөөдөр тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй Шинжлэх ухааны академид хүртээв.
Монголчуудын эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлж, эрдэмтэн мэргэдээ хүндэтгэн ирсэн түүхэн уламжлалыг орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоотой холбон хөгжүүлж, үндэсний эрдэм судлалын чадавхыг төлөвшүүлэн, эх хэл, түүх, соёлын өвийг судлан шинжилж, олон улсад сурталчлан таниулж, эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг Монголын төр ийнхүү үнэллээ.

Өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд үндэсний эрдэм судлалын залгамж чанарыг хадгалж, орчин цагийн олон салбар бүхий шинжлэх ухааны тогтолцоог бүрдүүлэхэд ШУА голлох үүрэг гүйцэтгэж ирснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон тэмдэглэв.

Мөн Их эзэн Чингис хаанаараа овоглох эрхэм дээд алдар хүртсэн академийн хамт олон, үе үеийн академич, эрдэмтэн судлаач нарт төр, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, эрдэм бүтээлийн амжилт хүсэн ерөөлөө.
Түүнчлэн хаадын хаан Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойн мэндийг ард иргэдэд өргөн дэвшүүлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар, улсын төсвийн 154 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 74 мянган кв.м талбайд барьж буй Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор удахгүй нээлтээ хийх гэж байна. Одоогоор хими, физик, ботаникийн лаборатори, тусгай зориулалтын агуулах, оффис гэсэн 5 барилга ашиглалтад орсон.

сонин mn

Цогцолборт салбар дундын нэгдсэн, төрөлжсөн лабораториуд, жишиг үйлдвэрлэлийн цех, оффис, номын сан, хурлын танхим, спорт заал, олдвор, дээж хадгалах агуулах, палеонтологи, археологи, одон орон судлалын музей байрлана.
сонин mn

Шинжлэх ухаан, технологи, инновац, танин мэдэхүйн төв болох энэ цогцолборт ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд болон бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 3,300 орчим эрдэмтэн судлаач, ажилтан ажиллах юм.
сонин mn

Энэ бүтээн байгуулалт шинжлэх ухааны салбар улам хөгжих, эрдэм шинжилгээний байгууллагуудын чадавх бэхжих, эрдэмтэн судлаачдын ажиллах орчин нөхцөл сайжрах зэрэгт томоохон түлхэц болно гэж салбарынхан үзэж байна.

сонин mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШУА-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулсны дараа хэлсэн үгийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ,

Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Та бүхэнд дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн бахархал Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”, Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Монголчууд бид ертөнц дахинд бахдан гайхуулж, өнө мөнхөд бахархан дээдлэх тэнгэр заяат аугаа их хаантай ард түмэн билээ.
Их эзэн Чингис хаан бол монгол үндэстний тусгаар тогтнол, оршин тогтнохуйн баталгаа, манай ард түмний үнэт зүйл, оюун санааны эх ундарга болсон өнө мөнхийн Их эзэн хаан, монголчуудын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн оюун санааны алтан хэлхээ юм.

Их эзэн Чингис хаан монгол овог аймгуудыг нэгтгэн Их Монгол Улсаа байгуулж, Хүннү гүрнээс улбаатай төрт ёсны алтан аргамжийг бататган бэхжүүлж, Монгол төрийн ариун гал голомтыг сэргээн бадрааж, ертөнц дахинд дуурьсагдан өргөмжлөгдсөн аугаа түүхтэй билээ.

Чингис хаан болон түүний залгамжлагчид эв нэгдлээ бэхжүүлэн төр улсаа мандуулж, хууль цаазын дор түмэн олныг төвшитгөн захирч, наран мандах зүгээс наран шингэх хүртэлх уудам газар нутгийг хамарсан Монголын эзэнт гүрнийг байгуулж, олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил тэмцэлдээнийг зогсоон “Монголын их амар амгалан”-г тогтоосон юм.
Ингэснээр Ази, Европын олон үндэстэн, ард түмэн энх тайвнаар зэрэгцэн оршиж, амар амгалан амьдарч, судлан шинжлэх, бүтээн туурвих, цогцлоон байгуулах хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлсэн их түүхийг бүтээж чадсан.
Чингис хааны түүх бол дан ганц монголчууд бидний түүх биш, дэлхий ертөнцийн түүх юм.
Тиймээс Их эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр” монгол түмний төрт ёс, түүх, соёл, өв уламжлалыг судлан шинжилж, хадгалан хамгаалж, дэлхий дахинд сурталчлан таниулах их үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, төр нийгмийн зүтгэлтэнд төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон гардуулдаг сайхан уламжлалтай билээ.
Энэ жил энэхүү эрхэм дээд шагналаар монголчуудын эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлж, эрдэмтэн мэргэдээ хүндэтгэн ирсэн түүхэн уламжлалыг орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоотой холбон хөгжүүлж, үндэсний эрдэм судлалын чадавхыг төлөвшүүлэн, эх хэл, түүх, соёлын өвийг судлан шинжилж, олон улсад сурталчлан таниулж, эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь өндрөөр үнэлэн Монгол Улсын Шинжлэх ухааны академийг төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнан алдаршуулж байна.

Их эзэн Чингис хаанаараа овоглох эрхэм дээд алдар хүртсэн Шинжлэх ухааны академийн хамт олон, үе үеийн академич, эрдэмтэн судлаач Та бүхэнд төр, ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж, эрдэм бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Эрхэм хүндэт зочид оо,

Монголчууд бид төр улсаа цогцлоон бадраасан хөлгөн их түүхийнхээ бүхий л цаг үед эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлж, зон олныхоо оюуны сор, ухааны жигүүр болсон эрдэмтэн мэргэдээ түшиглэж ирсэн түүхэн уламжлалтай.
Хорьдугаар зууны түүх бол боловсрол, шинжлэх ухаан, технологийг улсын хөгжлийн тэргүүлэх хүчин зүйл болгон, орчин цагийн шинжлэх ухааны олон салбарыг үүсгэн хөгжүүлж, хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлэн алхсан хөгжил дэвшлийн он жилүүд байсан юм.
Чухам энэ л зуунд Монгол Улс бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгаж, түүх, хэл, соёл, байгаль, газар зүй, экологийн онцлогийг шинжлэн судалж, эх орныхоо нөөц баялгийн хэр хэмжээ, ашиглалтын арга замыг оношлон тодорхойлж, хүн зоныхоо эрүүл мэндийг хамгаалах, мал сүргийнхээ үүлдэр, угсааг сайжруулах, өвчин эмгэгийг оношлох, байгалийн болон таримал ургамлыг судлан шинжилж, газар тариаланг хөгжүүлэн шинэ сорт бий болгох зэргээр түүхэн дэвшилд хүрч, монгол хүн сансарт нисэн сансар судлалыг хөгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт өөрийн байр сууриа бодитоор эзэлж чадсан билээ.


сонин mn

Өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд үндэсний эрдэм судлалын залгамж чанарыг хадгалж, орчин цагийн олон салбар бүхий шинжлэх ухааны тогтолцоог бүрдүүлэхэд Монгол Улсын Шинжлэх ухааны академи голлох үүрэг гүйцэтгэж ирснийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Эрдэм судлалын төв байгууллага болох Судар бичгийн хүрээлэн 1921 онд байгуулагдсан нь үндэсний шинжлэх ухааны байгууллагын эх суурь болсон бөгөөд тус байгууллага нь 1931 онд Шинжлэх ухааны хүрээлэн, 1957 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн болон өргөжиж, улмаар 1961 онд БНМАУ-ын Шинжлэх ухааны академи, 1992 оноос Монгол Улсын Шинжлэх ухааны академи нэртэйгээр эх орныхоо эрдэм судлалын үйл хэргийг удирдан зохион байгуулж иржээ.

Шинжлэх ухааны академи байгуулагдсанаар түүх, хэл бичиг, утга зохиол, эдийн засаг, байгалийн ухааны судалгаа өргөжин хөгжиж, хөдөө аж ахуй, анагаах ухааны байгууллагуудын судалгааны чадавх бэхжин, байгаль, техникийн ухааны хүрээлэнгүүд шинээр байгуулагдаж, суурь болон хэрэглээний судалгааг уялдуулан хөгжүүлж, улмаар үндэсний судлаачдыг бэлтгэх, эрдэм шинжилгээний хамтлагийг төлөвшүүлэх, олон улсын хамтарсан судалгаа явуулах ажил тогтмолжсон нь дараа үеийн ололт амжилтын үндэс суурь болсон билээ.
Шинжлэх ухааны академи нь Олон улсын монголч эрдэмтдийн их хурлыг Улаанбаатар хотноо тогтмол зохион байгуулж, өрнө, дорнын судлаачидтай хамтран ажилласнаар Монгол Улс монгол судлалын олон улсын хамтын ажиллагааны тулгуур төв болон хөгжиж, монгол үндэстний түүх, хэл, соёлын өвийг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлан таниулах, үндэсний ой санамжийг хадгалах, дэлхий дахинд сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм.

Түүнчлэн Монгол нутагт 800 мянган жилийн өмнө эртний хүн амьдарч эхэлснийг тодорхойлон, Монгол угсаатан хүрэл зэвсгийн хожуу үед бүрэлдсэнийг тогтоож, нүүдэлчдийн амьтны загварт урлаг Монголоос үүсэлтэйг баримтаар нотолж, Хүннү, Жужан, Уйгар, Түрэгийн Хаант Улсын үеийн хот балгад, Чингис хааны анхны нийслэл Аураг балгас, Эзэнт гүрний нийслэл Хархорум зэрэг эртний хотын судалгааг шинэ шатанд гаргаж, түүх, соёлын 100 гаруй мянган дурсгалт газрын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн, эх орныхоо түүхийн дурсгалт газруудыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн соёлын өвийн жагсаалт”-д бүртгүүлж, эх түүхийн үзэсгэлэнгүүдээ гадаад улс орнуудад тогтмол дэлгэн олон улсад сурталчлан таниулж байгааг онцлон тэмдэглэж байна.

Монголын эрдэмтэн судлаачид олон улсын мэргэжил нэгт нөхөдтэйгөө хээрийн олон судалгаа хийж ирсэн бөгөөд энэ хүрээнд Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид монголын геологи, палеонтологи, геофизик, биологи, эртний түүхийн талаар эрдэм шинжилгээний ховор үнэт олдворыг сурвалжлан цуглуулж, шинжлэн судалж, онол практикийн үлэмж ач холбогдолтой шинэ дүгнэлт, таамаглал, тодорхойлолт дэвшүүлэн гаргаж, олон арван хамтын болон нэг сэдэвт бүтээл туурвин, газрын зураг, карт зохиож, дэлхийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан юм.

Мөн Монгол Улс 1970-аад оны эхээр олон улсын Интеркосмос, Интерспутник байгууллагын гишүүн болсноор сансар судлалын эхлэл тавигдан, 1981 онд монгол хүн сансарт ниссэн нь манай улсын бахдам амжилт, Шинжлэх ухааны академийн түүхэн гавьяа билээ.

Өдгөө Шинжлэх ухааны академи нь 35 улсын 150 гаруй Шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж, үндэсний судалгааг олон улсын эрдэм шинжилгээний орон зайтай холбож, хамтарсан судалгаа, эрдэмтдийн солилцоо, олон улсын хэвлэлд нийтэлсэн бүтээлүүд нь Монгол орны талаарх мэдлэгийг баяжуулахын зэрэгцээ үндэсний судлаачдын чадавхыг бэхжүүлж, Монголын шинжлэх ухааны салбарын нэр хүндийг өргөхөд бодит хувь нэмэр оруулсаар байна.

Тус байгууллагын байгалийн ухааны салбарын эрдэмтэд эх орныхоо ургамал, амьтан, эрдсийн гаралтай түүхий эд, тэдгээрийг боловсруулах технологийн онолын болон хэрэглээний судалгааг гүйцэтгэсний үр дүнд 300 гаруй үндэсний болон олон улсын оюуны өмчийг батлуулж, 500 гаруй технологийн заавар, Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулан, 150 гаруй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.
Мөн Монгол орны биологийн олон янз байдал, амьтан, ургамлын экосистем, бичил биетний биологи, экологи, генетик зүй тогтлыг судлан биологийн нөөц, баялгийг хамгаалах, тогтвортой ашиглах үндэслэл боловсруулах, хавдрын өвчний молекул механизм, генетик шалтгааныг тогтоох, биологийн идэвхт шинэ эмт бодис илрүүлэх, бүтээгдэхүүний технологи бий болгох чиглэлээр ажиллаж, амьтны аймгийн ангилал зүй, экологи, биологи, генетикийн судалгааны мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн 200 гаруй байгалийн шинэ нэгдэл, 70 орчим зүйл ургамлыг анх олж нээн дэлхийн мэдлэгийн санд бүртгүүлэхийн зэрэгцээ ховор, нэн ховор эмийн ургамлын генофондыг хадгалах, нөөцийг нэмэгдүүлэх талаар үр дүнтэй ажиллаж байна.

Түүнчлэн Монгол орны эртний тэнгис, нуур ус, эх газрын хурдас чулуулагт хадгалагдаж үлдсэн амьтан, ургамлыг олж илрүүлэх, удам төрлийн холбоо харьцааг нарийвчлан гаргах, олон улсын түвшинд баталгаажуулах, эртний уур амьсгал, орчныг судлах, био давхарга зүйн нэгжүүдийг тодорхойлох, эртний амьтан ургамлын судалгааны анхдагч болон харьцуулах жишиг цуглуулгын сан хөмрөгийг бүрдүүлэн баяжуулснаар манай улсын палеонтологийн судалгаа нь дэлхийд дээгүүр байранд үнэлэгдэх боллоо.
Физикийн салбарын судалгааны зарим чиглэл дэлхийн түвшинд хүрч, квант орны онолын харьцангуй бага судлагдсан эгэл уртын бага масштаб дахь огторгуйн геометр бүтцийг “стохастик ба квант шинж чанартай” гэсэн таамаглал дэвшүүлж, классик ба квант орны онолыг боловсруулсан нь физикийн шинжлэх ухааны хөгжилд нэгэн шинэ чиглэл болов.

сонин mn

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Шинжлэх ухааны академийн 16 эрдэм шинжилгээний хүрээлэнд 50 гаруй шинжлэх ухааны доктор, 280 гаруй докторын зэрэгтэй эрдэмтэн судлаач ажиллан, олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлүүдэд 3,800 гаруй өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд тэдгээрээс 90 мянга гаруй эшлэл хийгдээд байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Үндэсний шинжлэх ухааны энэхүү их өвийг академич Б.Ширэндэв, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен тэргүүтэй Монголын суут эрдэмтэд, тэдний халааг залгамжилсан үе үеийн олон мянган судлаач хамтран бүтээсэн билээ.

“Эрдэмт хүн улсын чимэг, зүтгэлт хүн төрийн чимэг” гэсэн ардын сайхан сургаал үг бий.

Эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдэлж, эрдэмтэн мэргэдийнхээ сэцэн ухааныг өнөд түшиж, монгол түмний минь билиг оюун мохошгүй хурц, мөхөшгүй бат байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Их эзэн Чингис хаанаараа овоглох эрхэм дээд алдар хүртсэн Шинжлэх ухааны академийн хамт олон, үе үеийн академич, эрдэмтэн судлаач Та бүхэнд дахин баяр хүргэж, эрдэм бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.

сонин mn
Мөнх тэнгэрийн хүчин дор Их Эзэн Чингис хааны суу алдар, сүр хүч монголчууд биднийг өнө мөнхөд ивээх болтугай” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen