Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн тал хувь нь нэмэлт хяналт, оношилгоо шаардлагатай байна

Хүүхдийн эрүүл мэндийг өвчин хүндэрсний дараа бус, эхэн үед нь илрүүлэх зорилготой эрт илрүүлгийн үзлэгийн дүн анхаарал татаж байна. Улсын хэмжээнд үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 51.3 хувь нь багаас өндөр хүртэлх эрсдэлийн бүлэгт үнэлэгджээ.
Эрүүл мэнд, Боловсролын яам хамтран аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн уг үзлэгт 3, 6, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үнэлгээнд хамруулж байгаа юм. Арваннэгдүгээр сарын 5-ны байдлаар боловсролын байгууллагад суурилсан үзлэгт 206,918 хүүхэд хамрагдсанаас 196,869 нь эрүүл мэндийн байгууллагын үзлэгийг бүрэн хийлгэсэн байна.
Үзлэгийн урьдчилсан үнэлгээгээр хүүхдүүдийн 24.3 хувь нь хэвийн үзүүлэлттэй гарсан бол 24.4 хувь нь өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байх шаардлагатай бага эрсдэлтэй гэж дүгнэгджээ. Харин 42.6 хувь нь нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай дунд эрсдэлтэй, 8.7 хувь нь өндөр эрсдэлтэй бүлэгт багтсан байна.
Дунд эрсдэлтэй хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл түгээмэл байгаа бол өндөр эрсдэлтэй бүлэгт хөгжлийн хоцрогдол, биеийн жингийн өөрчлөлт зонхилж байгааг мэдээлжээ. Энэ нь хүүхдийн эрүүл мэндийн асуудал зөвхөн өвдсөн үед илэрдэггүй, анзаарагдахгүй удаан үргэлжлэх эрсдэл байдгийг харуулж байна.
Эрт илрүүлгийн үзлэг арванхоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Үзлэгээр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн хүүхдүүдийг нэмэлт оношилгоо, эмчилгээнд хамруулах, эмчийн зөвлөмжийг хэрэгжүүлэх нь дараагийн чухал алхам юм. Учир нь эрт илрүүлэг зөвхөн өвчнийг илрүүлснээр үр дүнгээ өгөхгүй. Илэрсэн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж, хүүхдийн эрүүл мэндэд тогтмол анхаарах нь эцэг эх, асран хамгаалагчдын оролцооноос шууд хамаарна.
Б.Зул
www.BOLOD.mn
www.BOLOD.mn