Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай, түүний дүү Т.Мөнхдалай болон А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2026.11.11/ 10:00 цагт эхэллээ.
Тэднийг “Шинэ тойрог авто зам”-ын 16.9 тэрбум төгрөгийн ТЭЗҮ, зураг төсвийн тендерийг хамаарал бүхий этгээдүүдэд хууль бусаар олгож, их хэмжээний ашиг олсон, мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлээр шалгажээ. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт холбогдуулан Т.Даваадалай болон бусад этгээдийн нийт 6.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон мөнгөн хөрөнгийг битүүмжилсэн гэж мэдээлсэн байна.
Мөн Т.Даваадалайг Туулын хурдны зам болон тойрог замын төслүүдтэй холбоотойгоор эхнэр, хамаарал бүхий хүмүүсийн компаниудаар дамжуулан нийт 6.6 тэрбум төгрөг шилжүүлсэн байж болзошгүй асуудлаар шалгаж байгаа юм. Тэрбээр 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд нийслэлийн Засаг даргын орлогчийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ.