1000 сэтгүүлчийн форум: Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн байдал
Илтгэгч: МСНЭ-ийн Орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч Д.Дэлгэрмаа
Эрхэм хүндэт форумд оролцогчид, хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн ахмад буурлууд, сэтгүүлч, уран бүтээлчид ээ.
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Өнөөдөр бид Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, цаашдын хөгжил, салбарынхаа өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэхээр нэгэн дээвэр дор цуглаад байна. Миний бие Монголын хэвлэл мэдээллийн салбарын нэгэн томоохон хэсэг болсон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх гарцын талаар байр сууриа илэрхийлэх гэж байна. Юуны өмнө нэг зүйлийг онцлъё.
Орон нутгийн хэвлэл мэдээлэл бол нийслэлээс алслагдсан, жижиг зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг хэдэн сонин, сайт, телевизийн асуудал биш. Энэ бол тухайн орон нутгийн иргэдийн мэдэх эрх, төрд тавих хяналт, нийгмийн дуу хоолой, ардчиллын баталгааны тухай асуудал юм. Гэтэл өнөөдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд зах зээлийн хүнд нөхцлөөс гадна төрийн байгууллагын дэргэдэх Хэвлэл мэдээдллийн албатай хийх шударга бус өрсөлдөөн, хүний нөөцийн хомсдол, санхүүгийн хараат байдал, мэргэжлийн нэр хүндийн доройтол зэрэг олон бэрхшээлтэй нүүр тулж байна.
Нэг. ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ӨРСӨЛДӨХ БОЛСОН НЬ
Өнөөдөр бараг бүх шатны төрийн байгууллага хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиг үүрэг бүхий алба, мэргэжилтэнтэй болсон. Энэ буруу зүйл биш. Төр иргэдэд үйл ажиллагаагаа нээлттэй, шуурхай мэдээлэх үүрэгтэй. Гэхдээ асуудал нь төрийн байгууллагын хэвлэл мэдээллийн алба зөвхөн мэдээлэл түгээх үүргээс хальж, бие даасан хэвлэл мэдээллийн байгууллагын орон зайд нэвтэрч, тэдэнтэй өрсөлдөх хэмжээнд хүрч байгаа явдал юм. Төрийн байгууллагууд төсвийн хөрөнгөөр ажилтнууд авч, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, өөрсдийн сайт, цахим хуудас, мэдээллийн сувгийг ажиллуулж байна. Гэтэл хувийн хэвшлийн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд ийм нөхцөл боломж хомс. Цөөн ажилтантай, техник хэрэгслээ өөрсдөө бүрдүүлдэг, цалин хөлс, нийгмийн даатгал, үйл ажиллагааны зардлаа даахын тулд өдөр тутам тэмцэж байна гэж хэлж болно. Хамгийн гол нь төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийн алба өөрийн байгууллагын үйл ажиллагааг нэг талаас нь сурталчилсан мэдээлэл бэлтгэж, өөрийн сувгаар түгээхээс гадна олон нийтэд хүргэх мэдээллийн урсгалд давамгайлах болсон. Ингэснээр төрийн байгууллагын байр суурийг мэдээлэхээс гадна тухайн асуудалд олон талын байр суурь, иргэдийн санал бодол, шүүмжлэл, хөндлөнгийн үнэлгээ өгөх үүрэгтэй хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагын орон зай хумигдаж байна. Үүний бас нэг сөрөг үр дагавар нь хүний нөөцийн урсгал юм. Төрийн байгууллагууд харьцангуй тогтвортой цалин, техник хэрэгсэл, ажиллах нөхцөл санал болгож байгаа учраас хувийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан сэтгүүлч, зураглаач, эвлүүлэгч, контент бүтээгчид төрийн байгууллага руу шилжих нь нэмэгдэж байна. Ингэснээр хувийн хэвлэл мэдээллийн салбарын хүний нөөц суларч, мэргэжлийн сэтгүүл зүйн залгамж халаа тасалдах эрсдэл бий болж байна. Төр мэдээллээ хүргэх ёстой. Харин төр өөрөө хэвлэл мэдээллийн байгууллага болох ёсгүй.
Хоёр. ОРОН НУТГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦ, НИЙГМИЙН БАТАЛГАА
Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын бас нэгэн эмзэг асуудал бол хүний нөөц. Орон нутагт мэргэжлийн сэтгүүлч бэлтгэх, тогтоон ажиллуулах, залуу боловсон хүчнийг салбартаа үлдээхэд хүндрэлтэй байна. Цалин хөлс бага, нийгмийн баталгаа сул, техник технологийн шинэчлэл хийх боломж хязгаарлагдмал. Зарим байгууллага цөөн хүнтэйгээр олон төрлийн ажлыг зэрэг гүйцэтгэж байна. Тухайн нэг сэтгүүлч мэдээ бичнэ, зураг авна, эвлүүлнэ, шууд дамжуулна, сайтаа хөтөлнө, сошиал контентоо бэлтгэнэ. Гэтэл энэ бүх хөдөлмөрийн үнэлэмж, бодит зардал, зах зээлийн нөхцөлтэйгээ нийцэхгүй байна. Үүний улмаас залуу сэтгүүлчид өөр салбарт шилжих, төрийн байгууллага, улс төрийн харилцаа, сурталчилгааны чиглэлээр ажиллах нь нэмэгдэж байна. Орон нутгийн ХМБ-уудаа бэхжүүлж чадахгүй бол маргааш тухайн орон нутагт иргэдийнхээ өмнөөс асуулт асуух, асуудал хөндөх, төрд хяналт тавих мэргэжлийн сэтгүүлч үлдэхгүй болох эрсдэлтэй.
Гурав. ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ТРОЛЛЫН БҮТЭЦ БИЙ БОЛГОЖ БУЙ АСУУДАЛ
Сүүлийн жилүүдэд улс төр, намын хүрээнд төдийгүй орон нутгийн удирдлагуудын түвшинд цахим орчинд өөрсдийн байр суурийг хамгаалах, өрсөлдөгчөө шүүмжлэх, шүүмжлэгчдийн дуу хоолойг дарах зорилготой, зохион байгуулалттай цахим баг, тролл бүлэг ажиллуулдаг гэх асуудал яригдах болсон. Зарим тохиолдолд олон нийтийн сүлжээ хариуцсан нэртэй, төрөл бүрийн орон тоо бий болгож, төсвийн хөрөнгөөр цалинжуулан ажиллуулж байгаа нь анхаарал татаж байна. Төрийн байгууллагуудын төсөв бол тухайн даргын нэр хүнд, улс төрийн имижийг хамгаалах мөнгө биш. Татвар төлөгчдийн мөнгөөр иргэдийн шүүмжлэлийг сөрөх, нэг нам, нэг албан тушаалтныг өмгөөлөх зохион байгуулалттай мэдээллийн баг бүрдүүлэх нь төрийн мөнгөний зохицуулалт биш юм. Харин ч төрийн байгууллагууд олон нийтийн шүүмжлэлийг сонсдог, алдаагаа хүлээн зөвшөөрдөг, мэдээллээ нээлттэй өгдөг байх ёстой. Бидний хувьд энд нэг зарчмын асуудал бий. Төрийн байгууллагуудын ажилтан, төсвийн хөрөнгөөр ажиллаж буй мэдээллийн баг болон хараат бус сэтгүүлчийн үйл ажиллагааны ялгааг тодорхой болгох шаардлагатай байна.
Дөрөв. ТӨРИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦААН ДАХЬ ШУДАРГА БУС БАЙДАЛ
Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд бас нэгэн анхаарал татсан асуудал бол төрийн байгууллагуудын мэдээлэл түгээх захиалга, хамтын ажиллагааны бодлого юм. Аймаг, орон нутгийн зарим төрийн байгууллага Улаанбаатар хотын томоохон сайт, инфлюсерүүдтэй өндөр үнээр гэрээ байгуулан ажилладаг. Энэ бол тухайн байгууллагын сонголт байж болох ч нэг асуулт байна. Тухайн орон нутгийн иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг хамгийн сайн мэддэг, газар дээр нь ажилладаг, орон нутгийн онцлог, асуудал, иргэдийн сэтгэл зүйг мэдэрдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудаа яагаад орхигдуулдаг вэ? Өөрөөр хэлбэл, нийслэлийн ХМБ-д мөнгө төлөхдөө асуудалгүй атлаа өөрийн орон нутгийн ХМБ-д ажил үйлчилгээнийх нь хөлсийг өгөхдөө төсөв бага гэсэн шалтгаан хэлэх нь олонтаа. Энэ бол зөвхөн санхүүгийн асуудал биш. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, зах зээл дээр өрсөлдөх боломжийг нь хязгаарлаж буй бодлогын алдаа юм. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг зөвхөн орон нутгийнхаа асуудлыг сурвалжилдаг, эсвэл даргын ажлыг сурталчилдаг хэрэгсэл төдийгөөр ойлгож болохгүй. Тэд бол тухайн орон нутгийн иргэдийн өмнө хүлээсэн мэргэжлийн үүрэгтэй, татвар төлөгчдийн мөнгөөр бус өөрийн хөдөлмөр, зах зээлийн орлогоор үйл ажиллагаагаа авч явдаг бие даасан байгууллагууд юм.
Тав. МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНДСЭН ЗАРЧМЫГ МАРТАЖ БОЛОХГҮЙ
Өнөөдөр төрийн байгууллагуудын удирдлагууд өөрсдөө микрофон барьж, камерын өмнө сууж, ярилцлага хийж, лайв дамжуулдаг болжээ. Технологийн хөгжил, цахим харилцаа нь хүн бүрд өөрийн дуу хоолойгоо хүргэх боломж олгосон. Энэ бол дэвшил. Гэхдээ энд мэргэжлийн сэтгүүл зүйн үндсэн зарчмыг мартаж болохгүй. Дарга өөрийн байгууллагын үйл ажиллагааг тайлбарлах нь нэг хэрэг. Харин сэтгүүлч асуулт тавьж, мэдээллийг нягталж, олон талын байр суурийг хүргэж, олон нийтийн өмнөөс хяналт тавих нь өөр хэрэг. Энэ хоёрын ялгаа өнөөдөр цахим орчинд улам бүдгэрч байна. Харамсалтай нь олон нийт төрийн байгууллагын сурталчилгааны лайв, албан тушаалтны хувийн контент, мэргэжлийн сэтгүүлчийн бүтээлийг нэг түвшинд ойлгох хандлага бий болжээ. Үүний уршгаар сэтгүүлчийн мэргэжлийн үнэ цэн, нэр хүнд нийгэмд гүйцэтгэх үүрэг бүдгэрч байна. Бид хэн нэгний лайв хийхийг хориглох тухай яриагүй. Харин сэтгүүл зүй бол микрофон, камер барьснаар бий болдог ажил биш гэдгийг нийгэмд ойлгуулах шаардлагатай байна.
Зургаа. УЛААНБААТАРЫН СЭТГҮҮЛЧДИЙН МАРГААН ОРОН НУТГИЙНХАНД Ч НӨЛӨӨЛЖ БАЙНА
Өнөөдрийн форумын үеэр энэ асуудлыг хөндөхгүй өнгөрч болохгүй гэж бодож байна. Сүүлийн үед нийслэлийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд өрнөж буй маргаан, бие биеэ үгүйсгэсэн, муу муухайгаар дуудсан, хувь хүний нэр төрд халдсан бидэнд ч сөргөөр нөлөөлж байна. Бид Улаанбаатарт болж буй үйл явдлыг орон нутгаас ажиглаж, салбарынхаа нэр хүндэд санаа зовниж суудаг. Бид үзэл бодлоороо зөрж болно, улс төрийн байр сууриараа ялгаатай байж болно. Гэхдээ мэргэжлийн ёс зүй, сэтгүүлчийн эрх ашиг, хэвлэлийн эрх чөлөөний төлөөх нийтлэг үнэт зүйл дээр нэгдэж байх ёстой. Бид өөр хоорондоо тэмцэлдэж байх зуурт хэвлэлийн эрх чөлөөний орон зай хумигдаж, сэтгүүлчдийн хөдөлмөр үнэгүйдэж, салбарын нэр хүнд унаж болохгүй. Бидний хамгийн том өрсөлдөгч бол нэг нэгнээ хэмлэж мэрэх бус харин хараат бус сэтгүүл зүйг сулруулж буй тогтолцоо, эдийн засгийн хамаарал, мэргэжлийн ёс зүйн доройтол юм.
Долоо. БИД ЮУ ШААРДАХ ЁСТОЙ ВЭ? ГАРЦ ШИЙДЭЛ
Эдгээр асуудлыг зөвхөн ярьж шүүмжлээд өнгөрөх бус бодлогын түвшинд шийдэх цаг болсон гэж үзэж байна. Тиймээс дараах саналуудыг дэвшүүлж байна.
1-рт. Төрийн байгууллагын хэвлэл мэдээллийн албаны чиг үүрэг, үйл ажиллагааны хүрээг тодорхой болгох шаардлагатай. Тэд төрийн үйл ажиллагааг нээлттэй мэдээлэх үүргээ хэрэгжүүлэхээс бус хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагатай зах зээл дээр өрсөлдөх, нэг талыг барьсан сурталчилгааны бүтэц болох ёсгүй.
2-рт. Төрийн байгууллагын мэдээлэл, контент бэлтгэх, хэвлэл мэдээллийн үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг ил тод, нээлттэй, шударга шалгууртай болгох хэрэгтэй. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйлчилгээний зах зээлээс зориудаар шахахгүй байх зарчим тогтоох нь зүйтэй.
4рт. Төсвийн хөрөнгөөр зохион байгуулж буй цахим мэдээлэл, олон нийттэй харилцах үйл ажиллагаанд ил тод байдал, хариуцлагын механизм нэвтрүүлэх хэрэгтэй. Төсвийн мөнгөөр улс төрийн сурталчилгаа, зохион байгуулалттай тролл үйл ажиллагаа явуулахыг таслах зогсоох шаардлагатай.
5рт. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүний нөөц, техник технологийн шинэчлэл, мэргэжлийн сургалт, залуу сэтгүүлчдийн хөгжлийг дэмжих бодлого хэрэгтэй байна.
6рт. МСНЭ-ийн орон нутгийн салбар зөвлөлүүдийг бодитой ажиллуулах, орон нутгийн сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах, төрийн байгууллагуудтай харилцах нэгдсэн механизм бий болгох шаардлагатай.
7-рт. Сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүй, харилцан хүндлэл, салбарын нэгдмэл байдлыг бэхжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Бидний эрх ашгийг хамгаалах хамгийн том хүч бол салбарын нэгдэл юм.
8рт. Хэвлэл мэдээллийн байгууллагын статусгүй, сэтгүүлч биш атлаа сэтгүүлч шиг ажиллаж орон нутгийн төрийн байгууллагатай гэрээ байгуулж мэдээлэл дамжуулдаг байдал нийтлэг боллоо. Хэдий үндсэн хуулиар олгосон хэвлэн нийтлэх эрхээ эдэлж байгаа ч мэдээллийн нэг талын урсгалыг баримталсан, ямар ч хариуцлага хүлээдэггүй, ёс зүйн нийтлэг зарчмыг баримталдаггүй байдал бий болсон. Энэ нь үзэгч уншигчдыг буруу ташаа мэдээллээр хангах, цаашлаад нийгмийн сэтгэл зүйг захиалагч талын хүсэл эрмэлзэлд тулгуурлан өөр утга агуулгаар эргүүлэх сөрөг нөлөөтэй юм. Үүнийг ч анхаарах шаардлага бий болсон байна.
Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ. Би орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн байдлыг ярихдаа хэн нэгэн дарга, аль нэг нам, улс төрийн хүчин, төрийн байгууллагыг буруутгахыг зорьсонгүй. Харин бидний өдөр тутамд тулгарч буй бодит асуудлыг салбарынхаа өмнөөс дуугарч, шийдвэр гаргах түвшинд хүргэхийг хүсэж байна. Орон нутгийн сэтгүүлчид нийслэлийн сэтгүүлчдээс дутуу эрхтэй хүмүүс биш. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд ч төвийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс дутуу үнэ цэнтэй биш. Бидний зах зээл жижиг байж болно. Бидний редакц цөөн хүнтэй байж болно. Гэхдээ бидний хариуцлага, мэргэжлийн зарчим, олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг адил гэдгийг онцлон тэмдэглье. Хэвлэлийн эрх чөлөө зөвхөн Улаанбаатарт хэмжигддэггүй, Монгол орны өнцөг булан бүрд хэмжигддэг. Хэрэв орон нутагт хараат бус хэвлэл мэдээлэл байхгүй бол тухайн орон нутгийн иргэдийн мэдэх эрх хохирно. Төрийн үйл ажиллагаанд тавих хяналт суларна. Иргэдийн дуу хоолой бүдгэрнэ. Тиймээс орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг зөвхөн амьд үлдэхийн төлөө тэмцэж байгаа жижиг бизнес гэж харах бус ардчиллын чухал институц, нийгмийн механизмын хяналт гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сэтгүүлчид хоорондоо өрсөлдөж болно, харин сэтгүүл зүйн үнэ цэнийг хамтдаа хамгаалах ёстой. Анхаарал тавьсанд баярлалаа.