Тайвань Хятадыг усан тээвэрт дарамт үзүүлж байна гэж буруутгав
Хятад улсын эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд Тайванийн зүүн эрэгт эргүүл хийж, тухайн бүсээр явж буй хөлөг онгоцнуудад радио холбоогоор шаардлага тавьж, саад учруулж байна гэж Тайванийн тал мэдэгдэв. Үүний хариуд Тайвань мөн өөрийн хөлөг онгоцуудаа илгээж, тухайн бүсэд хяналт тавьж эхэлжээ.
Хятад улс Тайванийг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг. Тиймээс Тайванийн эргэн тойронд цэргийн болон эргийн хамгаалалтын хөлөг онгоцуудаа тогтмол явуулдаг болсон байна. Тухайлбал, өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн арлын зүүн эрэгт эргүүл хийх болжээ.
Харин Тайвань Хятадын энэ байр суурийг хүлээн зөвшөөрдөггүй. Мөн Хятад улс олон төрлийн хөлөг онгоц ашиглан Тайванийг далайгаар бүслэхэд бэлтгэж байж болзошгүй гэж үзэж байна.
Тайванийн зүүн эрэг нь дайн, мөргөлдөөн гарсан тохиолдолд бусад улсаас тусламж, бараа бүтээгдэхүүн авах чухал зам болдог.
Тайванийн талын мэдээлснээр, Хятадын эргийн хамгаалалтын хоёр хөлөг онгоц хамгийн сүүлд тус бүсэд эргүүл хийжээ. Тэд бусад хөлөг онгоцтой радио холбоогоор холбогдож, тухайн бүсэд хяналт шалгалт хийж байгаагаа мэдэгдсэн байна.
Тайвань үүнийг бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Мөн өнгөрсөн бямба гарагт Хятад улс Өмнөд Хятадын тэнгист орших, Тайванийн хяналтад байдаг Пратас арлын ойролцоо эргийн хамгаалалтын хөлөг онгоц илгээсэн байна.
Тайванийн мэдээлснээр, тус улсын эргийн хамгаалалтын алба энэ онд Хятадын хөлөг онгоцуудыг Пратас арлын орчмоос нийт 13 удаа гаргажээ.
Эх сурвалж: Reuters