Ашигт малтмалын тухай хуульд тусгасан 6 нэмэлт, өөрчлөлт
Нэгдүгээрт, геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг сайжруулна. Ингэснээр ашигт малтмалын шинэ орд, илрэлийг нээн илрүүлэх, Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийг арвижуулах, салбарын урт хугацааны хөгжлийн суурийг бэхжүүлэх боломж бүрдэнэ.
Хоёрдугаарт, чухал ашигт малтмалын бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бэхжүүлнэ. Дэлхийн зах зээлд эрэлт нь нэмэгдэж буй стратегийн ач холбогдолтой эрдэс баялгийн нөөцийг тогтоох, ашиглах, боловсруулах чиглэлээр үндэсний ашиг сонирхолд нийцсэн бодлого хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.
Гуравдугаарт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Ашигт малтмалын нөөцийг иж бүрэн ашиглах, олборлолтоос боловсруулалт руу шилжих бодлогыг дэмжих нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгоход чухал нөлөө үзүүлнэ.
Дөрөвдүгээрт, уул уурхайн салбараас орон нутагт хүртэх өгөөжийг нэмэгдүүлнэ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах хувь хэмжээг 2 дахин нэмэгдүүлж, нөлөөлөлд өртөж буй нутаг дэвсгэрт түлхүү хуваарилах бодлого хэрэгжүүлнэ.
Тавдугаарт, уурхайн нөхөн сэргээлт, хаалтын эрх зүйн зохицуулалтыг сайжруулна. Уурхайн нөхөн сэргээлт, хаалтын ажлын хэрэгжилт, санхүүжилтийн бүрдүүлэлтийг жил бүрийн уулын ажлын болон баяжуулалтын тайлантай уялдуулан тайлагнах тогтолцоог нэвтрүүлж, уурхайн хаалтын бэлтгэл, санхүүгийн хариуцлага, байгаль орчны нөхөн сэргээлтийн хэрэгжилтийг сайжруулах боломж бүрдэнэ.
Зургаадугаарт, зэсийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг олон улсын жишигт нийцүүлнэ. Ингэснээр зэсийн баяжмал үйлдвэрлэл 3.3 сая.тн хүртэл буюу 47 хүртэл хувиар, АМНАТ ногдуулалтыг 2.25 их наяд хүртэл буюу 37 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.