"Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хиймэл оюуны хэрэглээ" сэдэвт их семинар болов

МУБИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимээс “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хиймэл оюуны хэрэглээ” сэдэвт их семинарыг 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулав.
Тус семинарын үндсэн илтгэлийг Сэтгүүл зүйн тэнхимийн багш, дэд профессор С.Амартүвшин “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хиймэл оюуны хэрэглээ” сэдвээр хэлэлцүүлсэн бол багш, доктор Б.Чинзориг “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хиймэл оюуны хэрэглээний судалгааны үр дүн” сэдвээр илтгэв.
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт авчирч байна. Мэдээ мэдээлэл боловсруулах, эх сурвалжийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, өгөгдөлд суурилсан нийтлэл бэлтгэх, орчуулга хийх, дүрс болон видео контент бүтээх зэрэг олон чиглэлд хиймэл оюуныг ашиглах болсон нь сэтгүүл зүйн ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, мэдээллийг олон нийтэд илүү хурдан хүргэх боломжийг бүрдүүлж байна.
Нөгөө талаас хиймэл оюуны хэрэглээ нь мэдээллийн үнэн зөв байдал, зохиогчийн эрх, ёс зүй, хариуцлага зэрэг шинэ сорилтуудыг хэвлэл мэдээллийн салбарын өмнө тавьж байгаа бөгөөд сэтгүүлчид, редакцууд эдгээр асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай болжээ.
Энэхүү семинар нь хиймэл оюуны хэрэглээ хэвлэл мэдээллийн салбарт хэрхэн нөлөөлж буй өнөөгийн чиг хандлага, боломж, эрсдэлийг эрдэмтэн судлаачид, багш, оюутнуудын оролцоотойгоор хэлэлцэн, салбарын хөгжлийн төлөвийг тодорхойлоход чиглэж байгаагаараа онцлог юм.
Сэтгүүл зүйн тэнхимийн их семинарт МУБИС болон бусад их сургуулийн багш, судлаач, сэтгүүлч, нийтлэлч, оюутан залуус оролцлоо.