БНСУ-руу зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хэлэлцээр хийлээ


БНСУ-ын Хууль зүйн яам болон Монгол Улсын Элчин сайдын яамнаас гаргасан статистик мэдээллээр 2026 оны байдлаар БНСУ-д Монгол Улсын 60,989 иргэд түр болон урт хугацаагаар оршин сууж байгаа аж. Тодруулбал, нийт оршин суугчдын 26,874 нь эрэгтэй, 34,115 нь эмэгтэй байна. Оршин суугчдын 24.1 хувь буюу 13,874 иргэн визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэйгөөр амьдарч байна. Харин энэ асуудлын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албаны дарга Ча Ён Хотой өчигдөр /2026.10.29/ өдөр Сөүл хотноо уулзав. Уулзалтаар хоёр улсын цагаачлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ шатанд гаргах, мөн иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг хэлэлцэв.
Мөн хоёр улсын иргэд харилцан зорчиход үүсэж буй асуудлыг шуурхай зөвшилцөх, шийдвэрлэх зорилгоор "Цагаачлалын асуудлаарх яриа хэлэлцээ" шинэ механизмыг ойрын хугацаанд эхлүүлэхээр харилцан тохиролцов.
Түүнчлэн, талууд хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг үе шаттайгаар хөнгөвчлөх “Замын зураглал” боловсруулах, хэрэгжүүлэх, аялал жуулчлалын зорилгоор зорчих Монгол Улсын бүлэг жуулчдын визийн нөхцөл, хил нэвтрэх үйл ажиллагааг сайжруулах, хил дээрээс буцаагдаж буй иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар санал солилцов. 
Иймд БНСУ-д зорчих болон оршин суугаа Монгол Улсын иргэдийг визийн хугацаагаа хэтрүүлэхгүй байх, тус улсын хууль тогтоомжийг мөрдөх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, оршин суугаа орны ёс заншлыг хүндэтгэн, хариуцлагатай зорчихыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen