Ц.Ганзориг: Ерөнхийлөгч болон ЕТГ-ын ажилтнуудыг гүтгэсэн гэж үзэж байгаа тул хууль хяналтын байгууллагад хандана


Х.Нямбаатарын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг тайлбар өгч, Ерөнхийлөгчийн өмч хөрөнгө, бизнесийн хамаарал болон ЕТГ-ын ажилтнуудын талаар гарсан мэдээллүүдийг няцаалаа. Тэрбээр Ерөнхийлөгч, Тамгын газрын ажилтнуудын нэр төрд халдсан гэж үзэж буй асуудлаар хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдэв.
Ц.Ганзоригийн тайлбарласнаар, Ерөнхийлөгч хувийн нисдэг тэрэггүй бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар шаардлагатай үед Зэвсэгт хүчний нисдэг тэргээр үйлчлүүлдэг аж. Мөн Австралид хувийн хаустай гэх мэдээллийг няцааж, тус улсад 12 жил зорчоогүй гэжээ. “Андууд тауэр” нь Ерөнхийлөгчтэй холбоогүй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан концессын гэрээгээр “Асар өргөө” ХХК-ийн барьж буй барилга бөгөөд тус компанийг өмнө нь АН-аас ИТХ-д сонгогдож байсан Л.Наранбаатар эзэмшиж байсныг дурдсан байна.
Харин Ерөнхийлөгч Тэрэлжид байрлах “Илт хаан” аялал жуулчлалын компанийн 58 хувийг эзэмшдэг бөгөөд хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгасан гэж тайлбарлав. Бага тэнгэрт Х.Нямбаатарын үзүүлсэн үл хөдлөх хөрөнгүүд нээлттэй бүртгэлээр “Грийн ресурс” ХХК болон Г.С, С.Б гэх иргэдийн өмч болохыг хэлээд, Ерөнхийлөгч өөрийн хадгаламжаас 1.2 тэрбум төгрөг шилжүүлэн тухайн орчимд амины орон сууц захиалснаа хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгасан гэжээ. “Юнайтед молл” их дэлгүүр Б.Даваадорж, С.Ганбаатар гэх иргэдийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд Ерөнхийлөгчтэй холбоогүй хэмээн мэдэгдсэн байна.
Тансаг автомашинуудын эзэн гэх Нямдаваа Ерөнхийлөгчтэй фитнесээр хичээллэх үеэр таардаг хүн бөгөөд хамт авахуулсан зураг нь өмч хөрөнгийн холбоог нотлох үндэслэл биш гэж Ц.Ганзориг тайлбарлав. Мөн Хотын даргын хэвлэлийн ажилтан асан Г.Золзаяа автомашинуудын зургийг Х.Нямбаатарын захиалгаар авч, тараасан тухайгаа тэдэнд мэдэгдсэн бөгөөд одоогоор БНХАУ-д байгаа гэж хэлжээ. ЕТГ-ын ажилтнууд болон Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн дунд “Жи-Класс” автомашин унадаг хүн байхгүй, тэдний зураг нийтэлж нэр төрд нь халдсан гэж үзсэн хүмүүс хууль хяналтын байгууллагад хандаж байгаа аж.
Түүнчлэн Х.Нямбаатарыг Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл ирсэн хэмээн Ц.Ганзориг хэлсэн ч эх сурвалж, нотлох баримтын талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна. Тэрбээр Х.Нямбаатартай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэл өгснийг дурдаж, Туулын хурдны замын санхүүжилт болон нийслэлийн тендерүүдийн асуудлыг хөндлөө. Ерөнхийлөгчийн талаар хийсэн мэдэгдлүүдийг Х.Нямбаатартай холбоотой шалгалтаас олон нийтийн анхаарлыг холдуулах оролдлого гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Ц.Ганзориг “Монгол Улсад шүүмжлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх байх ёстой. Харин Ерөнхийлөгч болон ЕТГ-ын ажилтнуудыг ор үндэсгүй гүтгэсэн гэж үзэж байгаа тул хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулна. Шаардлагатай бол дахин дэлгэрэнгүй тайлбар өгнө” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen